Улсын онцгой комиссын шийдвэрээр дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 2-ныг хүртэл тусгай үүргийн гурван удаагийн нислэгээр хүсэлт гаргасан 807 иргэнийг эх орондоо авчрахаар шийдвэрлэсэн.
Тавдугаар сарын 2-ны Франкфурт-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр коронавирусийн халдвар нь эдгэрч, эмнэлгээс тусгаарлалтын байр руу шилжсэн Франц иргэн нутаг буцах гэж байна.
Коронавирусийн халдварын анхны тохиолдол болсон Франц улсын иргэн ХӨСҮТ-д хэвтэн эмчилгээ эхэлснээс хойш 47 хоногийн дараа эрүүлжиж эмнэлгээс гарсан. Эмнэлгээс гарсан иргэнийг 21 хоног тусгаарлаж буй бөгөөд Франц иргэний хувьд “Нутаг буцах” хүсэлт гаргасныг хүлээн авч, тусгай үүргийн онгоцонд суух захиалгыг хүлээн авсан ба ЭМЯ болон эмч, мэргэжилтнүүд нь зөвшөөрсөн байна.
Тусгай үүргийн онгоцоор гадаад руу явах иргэдийг бүртгэж, онгоцны тийз бичиж буй бөгөөд хэчнээн хүн явах нь одоогоор тодорхойгүй байна гэж ГХЯ-наас мэдээллээ.