Коронавирусын талаар үзэл бодлоо цахим орчинд илэрхийлсэн иргэнийг Эрүүгийн хуулиар шийтгэж, торгох ял оногдуулсан тохиолдол бүртгэгдэв.
Иргэн Б.Б нь 2020 оны хоёрдугаар сарын 29-ны өдөр өөрийн фэйсбүүк хэрэглэгчийн хаягнаас “Хөвсгөл аймгийн нэгдсэн зар” группд “Аймаг тойрсон эргүүлийн албаныхан яагаад бизнес эрхлээд байгаа юм бэ?, та нар орж гарахад хармааны мөнгө хийх зүгээр үү” гэж бичжээ. Үүнийг Хөвсгөл аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл Худал мэдээлэл тараах зүйл ангиар шийтгэж 550.000 төгрөгөөр торгох ял оноосон байна.
Эрүүгийн хуульд энэ оны нэгдүгээр сарын 10-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулснаар 13.14-т Худал мэдээлэл тараахыг гэмт хэрэгт тооцсон. Энэ зүйл ангиар Хөвсгөл аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн сарын 03-ны өдөр эрүүгийн хариуцлага оногдуулсан тохиолдлыг анх удаа бүртгэжээ.
2019 оны тавдугаар сараас энэ оны тавдугаар сарын хооронд эдийн бус гэм хорыг нэхэмжлэх иргэний нэр төр, алдар хүндийг гутаасантай холбоотой 36 Иргэний хэрэг бүртгэгдсэнээс 11 тохиолдол нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой байв.
2017, 2018 онд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хамаарах эрүүгийн хэргийн бүртгэл байхгүй байгаа нь Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга 2017 оны долдугаар сарын нэгний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээр гүтгэх, доромжлох зүйл ангийг гэмт хэрэгт тооцохгүй болсонтой холбоотой.
Эх сурвалж: Глоб интернэйшнл төв