ТЕГ-ын Гадаад тагнуулын албанд ажиллаж байсан хурандаа Б.Эрдэнэбатыг баривчилжээ. Тодруулбал, түүнийг тавдугаар сарын 3-ны 17:00 цагийн орчимд гэрийнхээ гадаа салхилж байхад нь баривчилсан гэнэ. АТГ-аас гүйцэтгэх ажиллагаа явуулж, ТЕГ-ын 20 гаруй алба хаагчийн гэрт нь нэгжлэг хийжээ. Уг гүйцэтгэх ажиллагаа явуулах зөвшөөрлийг ТЕГ-ын дарга генерал Д.Гэрэлийн гарын үсэгтэй бичгээр баталгаажуулсан гэнэ. Гүйцэтгэх ажиллагаа явуулсан шалтгаан, нөхцөл нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Хурандаа Б.Эрдэнэбат нь 58 настай, зургаан жилийн өмнө гавьяаныхаа амралтад гарчээ.
Тэрбээр ТЕГ-т насаараа ажилласан нэгэн гэнэ. Түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид хорьсон бөгөөд прокурорын хяналт байгаа эсэх, баривчлах шалтгаан нь тодорхойгүй байгаа аж. Харин өнөөдөр түүнийг үргэлжлүүлэн хорих эсэх нь тодорхой болох юм байна. Мөн энэ үеэр ТЕГ-ын Гадаад тагнуулын газрын дарга асан Ш.Амгалангийн гэрт нэгжлэг явуулж, 22:00 цагийн орчимд баривчилсан байна. Энэ талаар Ш.Амгалангийн эхнэр Д.Оюунгэрэл “Одоог хүртэл нөхөртэйгөө холбоо тогтоож чадахгүй байгаа” хэмээн амь насанд нь санаа зовж буйгаа хэвлэлд илэрхийллээ.
Тэрбээр “Өчигдөр нөхөр, охины хамт салхилж явахад гурван машин хөндлөн зогсоод, арав гаруй хүмүүс гарч ирэн, нөхрийн минь толгойнд хар уут углаад аваад явсан. Хаанаас, ямар хүмүүс явж байгаагаа хэлээгүй. Дараа хэлнэ гэсэн. Замд явж байхад утас хурааж авсан. Ингэж явсаар байгаад манай гэрт очиж, нэгжлэг хийсэн. Энэ бол үнэхээр хууль бус. Твитерт жиргэлээ гэж баривчилсан гэж үзэж байна. Миний нөхөрт ямар нэг юм тохиолдвол, би нөхрийнхөө амийг нэхнэ” гэсэн юм.