Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 15, 16-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ. Энэхүү айлчлал нь албан ёсны айлчлалын давтамжийг алдагдуулахгүй байх хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой гэдгийг ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар хэллээ.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд манай улсад айлчлахаасаа өмнө ОХУ, Киргизэд айлчлах бөгөөд өмнө нь Европын холбооны хэд хэдэн улсад айлчилсан байна.
Айлчлалыг халдвар, хамгааллын өндөр түвшинд зохион байгуулах бөгөөд 24-78 цагийн өмнө айлчлалд оролцох бүх хүнд шинжилгээ хийх бол БНХАУ-ын талын хүмүүсээс ч мөн түргэвчилсэн шинжилгээг авах юм байна.
“Айлчлалын бүх бүрэлдэхүүнд коронавирус илрүүлэх лабораторийн PCR шинжилгээ хийх бөгөөд шинжилгээний хариуг 6-8 цагт багтаан гаргахаар бэлтгэлийг хангасан. Айлчлалын бүрэлдэхүүнд багтаж ирсэн хүмүүсийн байрлах байранд ЗӨСҮТ-өөс урьдчилан ариутгал халдваргүйжүүлэлт хийнэ. Ингээд айлчлал дууссаны дараа тэдэнд үйлчилсэн иргэд, арга хэмжээнд оролцсон хүмүүсийг манайд мөрдөгдөж буй журмын дагуу 14 хоног тусгаарлана” гэдгийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал хэллээ.
Айлчлалын үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай уулзах эсэх нь одоогийн байдлаар тодорхой болоогүй байна.
Нэр нь тусгай үүргийн нислэгт орсон боловч санхүүгийн асуудалтайн улмаас тасалбараа авч чадаагүй 140 хүн байна. Есдүгээр сард Франкфуртын нислэгээр хүнд нөхцөл орсон 15 иргэний эх оронд нь авчрах зардлыг бүрэн болон хэсэгчилэн тусламж үзүүлэхээр болсон гэдгийг ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг хэллээ.