Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны эмэгтэй дүү Ким Ёо Жон учир битүүлэг алга болсон явдал дэлхийн бараг бүх хэвлэлийн анхаарлыг татаад байна.
Сэтгүүлчдийн тэмдэглэснээр Ким Ёо Жон нь өнгөрсөн долдугаар сарын 27-оос хойш олны өмнө гараагүй байна. Хойд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүний тухай ямар нэгэн мэдээ болон зураг хэвлэгдэхгүй сар болжээ. Тус улсын албаны хүмүүс ч энэ тухай үг цухуйлгахгүй байгаа аж. Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийнхний эх сурвалжуудын ярьж буйгаар БНСАУ-ын удирдагч өөрийн дүүгээ засгийн эрхийн төлөөх өрсөлдөгч гэж үзээд цаазалсан байх магадлалтай ажээ.
Хамгийн сүүлд Ким Ёо Жоныг Хойд Солонгосын Хөдөлмөрийн Намын Төв Хорооны хэлтсийн нэгдүгээр орлогч даргын албан тушаалд томилогдох үеэр л харсан байна.
Эл албан тушаалд томилогдсоноор Ким Ёо Жон тус улсын хоёр дахь хүн болсон гэж шинжээчид үзсэн байдаг. Ким Жон Унд энэ нь таалагдаагүй байж магадгүй юм. “The Chosun Ilbo” сонин өөрийн нууц эх сурвалжийн үгийг иш татан бичихдээ дээрх томилгооны дараа Ким Ёо Жоны улс төрийн хүрээнд үзүүлэх нөлөө асар хурдтай өссөн бөгөөд үүнийг Хойд Солонгосын удирдагч өөрт нь шууд аюул заналхийлж байна хэмээн мэдэрчээ. Иймээс Ким Жон Ун дүүгээ улс төрийн тавцангаас төдийгүй энэ ертөнцөөс арчсан байх талтай гэнэ.
Өмнө нь БНАСАУ-ын удирдагч хамаатан садандаа харгис хэрцгий ханддаг байсныг дэлхий нийтээрээ мэднэ.
Түүний аав Ким Чен Ирийг хүнд өвчтэй байхад түүний хүргэн Жан Сунг Таекийг Хойд Солонгосын дараагийн удирдагч хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэрлэсэн. Үүний дараа Жан Сунг Таек учир битүүлгээр алга болсон бөгөөд удалгүй түүнийг засгийн эрх мэдлийг булаан авах гэж байсан урвагч хэмээн зарласан юм. Эх сурвалжуудыг мэдээлснээр Ким Жон Ун хүргэн ахыгаа болон түүний гэр бүлийг устгажээ.