Хятадын хоёр дахь баян хүн Жак Ма өөрийн эзэмшдэг, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй /313 тэрбум ам.доллар/ санхүүгийн технологийн компани Ant Group-ийн IPO /Анхны олон нийтэд санал болгож буй хувьцаа/-г зарлахаар төлөвлөж байна.
Тэрээр Хонконг болон Шанхайн хөрөнгийн биржид 34,4 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцааг зарахаар төлөвлөсөн нь дэлхийд байгаагүй хамгийн том IPO болох юм.
Энэ нь компанийн нийт хувьцааны ердөө 11 хувийг эзлэх бөгөөд хувьцааг дараа сараас арилжаалж эхлэх төлөвтэй байна. Жак Магийн Ant Group-д эзэмшдэг хувьцаа нь 17 тэрбум ам.доллараар үнэлэгддэг бөгөөд IPO-ийн ачаар түүний нийт хөрөнгө 80 тэрбум ам.долларт хүрч, Хятадын хамгийн баян хүн болох боломжтой.
Ant Group нь нэг тэрбум хэрэглэгчтэй Alipay гэх онлайн төлбөрийн системийг ажиллуулдаг ба даатгал, санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байна.
Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард газрын тосны “Saudi Aramco” компани 29,4 тэрбум ам.долларын IPO зарлаж дэлхийн дээд амжилт тогтоож байв.
Эх сурвалж: BBC