БОАЖЯ-наас Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийг Хөвсгөлийн байгалийн цогцолборт газар, орчны бүсийн сумд болон Мөрөн хотод 2019-2024 онд хэрэгжүүлж байна.
Төслийн “Авто замын зураг төсөл, хяналтын зөвлөх үйлчилгээ”, “Эко аялал жуулчлалын төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээ”-ний компанийг сонгон шалгаруулснаар БОАЖЯ, Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслөөс “Төслийн зураг төсөл, зөвлөх үйлчилгээний ажил эхлүүлэх уулзалт”-ыг Хөвсгөл аймгийн Мөрөн хот, Хатгал тосгонд энэ сарын 6-нд зохион байгуулжээ.
Уулзалтаар Мөрөн хотод байгуулах Жуулчны гудамж, Хатгал-Жанхай-Тойлогт болон Хүзүүвчийн шил чиглэлийн 37.9 км хатуу хучилттай зам, 8 байршилд байгуулах 46 автобус, 460 автомашины авто зогсоол, Ханх сум, Хатгал тосгонд байгуулах шингэн, хатуу хог хаягдлын цэгүүд болон иргэд, аж ахуйн нэгжийг чадавхжуулах, аялал жуулчлалын салбарын оролцоог нэмэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж, орон нутгийн төлөөлөгчдийн саналыг авлаа.
Мөн БОАЖЯ, төслийн нэгж болон зөвлөх үйлчилгээний байгууллагууд төсөл хэрэгжих газарт хээрийн хэмжилт судалгааг Хатгал тосгонд 2 өдрийн турш хийх юм. Зураг төслийг ирэх оны 2 дугаар сард батлуулан, 2021-2022 онд бүтээн байгуулалт хийхээр төлөвлөснийг БОАЖЯ-наас мэдээллээ.
Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл нь нутгийн иргэдэд хүртээмжтэй аялал жуулчлалын төлөвлөлтийг сайжруулах, байгаль хамгаалал, ногоон хөгжлийн шилдэг туршлагыг Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт нэвтрүүлэх, аялал жуулчлалын дэд бүтцийг сайжруулах зорилготой.
МОНЦАМЭ