Халдвар авсан иргэдийн ойрын хавьтлын 906 хүнийг тусгаарлалтын байрнаас гаргасан тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Тэрбээр “Улсын хэмжээнд коронавирусийн халдвар зургаан аймаг, Улаанбаатар хотод кластер хэлбэрээр бүртгэгдэж буй. Үүнээс, Архангай болон Говьсүмбэр аймагт арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс хойш халдварын тохиолдол нэмж гараагүй. Хэдийгээр тухайн аймгуудад халдварын нууц үеийн 14 хоногийн хугацаа дуусаж, хяналтын 14 хоног шилжсэн ч авч буй арга хэмжээ нь үргэлжилж, хавьтал болсон хүмүүсээ тандаж судална.
Түүнээс гадна Орхон аймагт ес хоног, Дархан-Уул аймагт 13 хоног халдвар шинээр бүртгэгдээгүй ч голомтын нууц үеийн хугацаа нь арай дуусаагүй байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 525 батлагдсан тохиолдол эмчилгээнд байна. Бид халдварын голомтын хавьтлуудад хяналт тавин ажиллаж буй бөгөөд нийт 1,440 ойрын хавьтлаас 906 хүний хяналт тандалтын хугацаа нь дууссан тул тусгаарлах байрнаас гаргасан. Одоогийн байдлаар 534 хүн 1-3 удаагийн шинжилгээ хийлгэн тусгаарлах байранд хяналтад байгаа” гэсэн юм.
“COVID-19-ийн амьсгалын замын бусад халдвараас ялгаатай шинж тэмдэг нь үнэр амт мэдрэхгүй болж байна”
“Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үе ирсэн байгаа тул коронавирусийн халдвар ханиад томуугийн үед илэрдэг эмнэл зүйн шинж тэмдэг илэрнэ.
Гэхдээ амьсгалын замын бусад халдвараас ялгагдах нь үнэр амт мэдрэхгүй болох, булчин болон үе мөч өвдөх, ядарч сулдаж амьсгаадах, цээж хөндүүрлэх зэрэг шинж тэмдэг илүү ажиглагдаж байна” гэдгийг онцоллоо.