Казахстаны Карагандийн эмийн цогцолборт Оросын “Спутник V” вакциныг үйлдвэрлэж эхэллээ. Энэ тухай Казахстаны Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлсэн байна.
“Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын хооронд байгуулсан хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд Карагандийн эмийн цогцолборт Оросын “Спутник V” вакциныг үйлдвэрлэж эхэллээ. Үүнтэй холбоотойгоор Казахстаны Ерөнхий сайд Аскар Мамин тус цогцолборт зочиллоо” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.
Эмийн цогцолборт 2 сая тун вакциныг үе шаттайгаар үйлдвэрлэх аж.
“Казахстанд үйлдвэрлэсэн “Спутник V” вакциныг ирэх оны 2 дугаар сард олон хүнд хийж эхлэх аж. Эхний ээлжинд эмнэлгийн ажилтнууд, багш, оюутнууд, хууль сахиулах байгууллагын ажилтнууд, архаг хууч өвчтэй эрсдэлт бүлгийн хүмүүсийг сайн дурын үндсэн дээр вакцинжуулалтад хамруулна” хэмээн Мамин хэлсэн байна.