Их Британид мутацад орсон шинэ төрлийн “коронавирус” илэрч, тус улсын хэд хэдэн бүсэд хөл хориог чангатгаад байна.
Энэ нь түлшний эрэлтийн төлөвт сөргөөр нөлөөлж, газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр аравдугаар сараас хойш анх удаа буураад байгаа аж.
Нийлүүлэлт талаасаа OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг 2021 оны нэгдүгээр сард газрын тосны гарцыг өдөрт 500 мянган баррелиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан юм. Үүнтэй холбоотойгоор ОХУ газрын тосны экспортын хэмжээгээ нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
ОХУ-ын баруун хэсгийн боомтуудаар нэгдүгээр сард нийт 1.43 сая баррель “Urals” төрлийн газрын тос экспортлохоор төлөвлөжээ. Энэ нь дөрөвдүгээр сараас хойших хамгийн өндөр дүн юм.
Брент төрлийн газрын тосны үнэ пүрэв гарагт 0.18 хувиар өсөж, баррель нь 51.29 ам.доллар байна. Харин WTI төрлийн газрын тосны үнэ 0.19 хувиар өсөж, баррель нь 48.21 ам.доллар болоод байгаа юм.