Попын хаан агсан Майкл Жексоны эзэмшиж байсан, Калифорни дахь “Neverland” эдлэнг 22 сая ам.доллароор худалджээ.
“The Wall Street Journal” сонинд мэдээлж буйгаар, эдлэн газрын шинэ эзэн нь 2000-аад онд Жексоны бизнесийн зөвлөхөөр ажиллаж байсан тэрбумтан Рон Беркл болсон байна.
“Neverland” эдлэнг дуучны өв залгамжлагчид болон “Colony Capital” компани 2015 онд 100 сая ам.доллароор худалдаанд тавьжээ. Үүнээс хойш тансаг эдлэнгийн үнэ олон ч удаа унасан бөгөөд өнгөрсөн жил 31 сая ам.доллар болсон юм.
Жексон энэхүү эдлэнг 1987 онд 19.5 сая орчим ам.доллароор худалдан авч, Питер Пэний тухай хүүхдийн зохиолд гардаг үлгэрийн орны нэрээр “Neverland” хэмээн нэрлэжээ. Тэрбээр эдлэндээ маш олон байгууламж байгуулж, олон нийтэд нээлттэй болгосон юм. Хорин жилийн дараа өрөө төлөхийн тулд эдлэнгээ үл хөдлөх хөрөнгийн компанид 22.5 сая ам.доллараар худалдсан байна. 2009 онд дуучныг нас нөгчсөний дараа нэрийг нь өөрчлөн морин тойруулга, алсыг харагч зэрэг тоглоомуудыг буулгажээ. Эдлэнг худалдаанд тавих үед зочдын байшин, усан бассейн, сагсан бөмбөгийн талбай, 50 хүний суудалтай кино театр зэрэг 20 орчим байгууламж байсан байна.