ХӨСҮТ-д өнөөдөр нэг эх амаржиж, Баянзүрх дүүргийн эмнэлэгт өчигдөр хүнд өвчтэй нэг хүн нас барсан талаар ЭМЯ-ны ЭТГ-ын дарга Я.Буянжаргал мэдээллээ.
ЭМЯ-ны ЭТГ-ын дарга Я.Буянжаргал:
“ХӨСҮТ-д өнөөдөр 22 хүн коронавируст халдварын батлагдсан оноштойгоор эмчлэгдэж байна. Өглөө 08:20 цагт 30 настай эх амаржиж 3200 гр хүү мэндэлсэн. Эх, хүүхдийн биеийн байдал хэвийн байна.
Түүнчлэн ХӨСҮТ-д 25 настай жирэмсэн эмэгтэй маш хүнд оноштой байна. Халдварын эсрэг эмчилгээ, ураг хамгаалах эмчилгээ хийж байна. Хоёр эмч зургаан эрүүл мэндийн тусламж хийж байна.
Мөн Цэргийн төв эмнэлэгт маш хүнд хоёр хүн байна. Маш хүнд хүний нэг нь 56 настай, ковидын халдвар нь эмчлэгдэж эдгэсэн, PCR-ийн шинжилгээ хоёр удаа сөрөг гарсан. Үндсэн оношоороо хүндэрч байна. Зүрхний шигдээс, тархины судасны хатууралтай, цочмог инфаркттай гэсэн оноштойгоор Улсын 3-р төв эмнэлэгтэй хамтарч ангиографийн оношилгоо эмчилгээ хийхээр зохион байгуулж байна. Мөн дараагийн хүнд хүн 53 настай эмэгтэй. Зүрхний хэм алдагдалтай, чихрийн шижинтэй, плевриттэй.
БЗД-ийн эмнэлэгт 194 хүн байгаа. 102 нь эмч эмнэлгийн ажилтнууд бусад нь өвчтөнүүд. Үндсэн өвчнөөр 16 хүн эмчлэгдэж байна. Нэг хүнд өвчтэй 76 настай хүн өчигдөр энэ эмнэлэгт нас барсан. Уг хүн цээжний булчингийн сулрах өвчинтэй, амьсгал зүрх судасны даамжирсан дутагталтай, артерийн даралттай, чихрийн шижинтэй, элэгний С вирусийн архаг үрэвсэлтэй, зүрх судасны дутагдлаар нас барсан. Дагалдах онош нь ковидын халдвартай байсан. Хүнд өвчтэй учраас шилжүүлэх боломжгүй байсан” гэлээ.