Улсын онцгой комиссоос өнөөдөр 17:00 цагаас мэдээлэл хийхээр болжээ. Уг мэдээллээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн 12 хоногийн хугацаанд авах арга хэмжээг олон нийтэд танилцуулах юм.
Хоёрдугаар сарын 11-ний 06:00 цагаас эхлэн 12 хоногийн хугацаанд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихээр болсон. Энэ хугацаанд 14 салбарын үйл ажиллагаа зөвшөөрөх бөгөөд тухайн салбаруудад тогтоох тусгай горимыг өчигдөр УОК-ын шуурхай ажлын хэсэг хуралдан боловсруулсан юм.
Хөл хорионы хугацаанд өрх бүрээс насанд хүрсэн нэг хүнээс шинэ коронавирусийн шинжилгээ авахаар болсонтой холбоотойгоор нийслэлээс нэгдсэн мэдээллийн систем боловсруулснаа өнөөдөр танилцуулсан. Энэхүү системийн талаарх мэдээллийг УОК-т танилцуулсан бөгөөд энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг мөн хурлын үеэр өгнө.