“Оюу Толгой” төслийн хөрөнгө оруулагч, төмрийн хүдрийн нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч “Rio Tinto” компанийн ашиг 2020 онд 20 хувиар өсөж, жилийн дүнгээр сүүлийн есөн жилийн дээд түвшинд хүрсэн байна.
Үүнд түүхий эдүүд, ялангуяа төмрийн хүдрийн үнэ өссөн нь голлон нөлөөлжээ. “Rio Tinto”-ийн ашиг 12.4 тэрбум ам.доллар хүрсэн нь шинжээчдийн тооцооллоос давсан үзүүлэлт болсон аж.
Үүнээс гадна нийт дүнгээр есөн тэрбум ам.долларыг 2020 оны ногдол ашиг болгон хувьцаа эзэмшигчдэдээ тарааж байгаа нь тус компанийн 148 жилийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болж байна. БНХАУ 2020 онд эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхийн тулд дэд бүтцийн салбарт их хэмжээний хөрөнгө оруулж, төмрийн хүдэр, зэсийн эрэлт болон үнэ огцом өссөн юм.
Өнгөрсөн онд төмрийн хүдрийн үнэ нийт 70 орчим хувиар өссөн нь “Rio Tinto”-ийн ашиг өсөхөд нөлөөлсөн гэж тайлбарлаж байна. Түүнчлэн Австралийн “Pilbara” дахь төмрийн хүдрийн уурхайнуудын гарц өндөр байсан нь дэмжлэг болсон гэжээ.
Энэхүү мэдээллийн дараа Лондоны Хөрөнгийн биржид тус компанийн хувьцааны ханш 3.5 хувиар өссөн байна. “Rio Tinto” групп “Оюу Толгой” төслийг тойрсон асуудлуудыг шийдэж, оролцогч талуудын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхээр Монгол Улсын Засгийн газартай идэвхтэй яриа хэлэлцээ өрнүүлж байгаа” гэж тайландаа дурджээ.
Монголын тал “Rio Tinto”-ийн боловсруулсан “Оюу Толгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн юм. Энэ төлөвлөгөөгөөр 2051 он хүртэл Монгол Улс ногдол ашиг хүртэхгүй, 22 тэрбум ам.долларын өртэй хоцрох тооцооллыг ЗГХЭГ гаргасан. Улмаар төлөвлөгөөг шинэчилж, нөхцөлүүдийг сайжруулж, дахин гэрээ байгуулах саналыг “Rio Tinto”-д тавиад байгаа юм.