“МУИС-ийн цахим хичээл чанартай байна” гэж судалгаанд оролцсон оюутнууд хариуллаа

МУИС-ийн захирлын 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр батлагдсан “Сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийх тухай” тушаалын 2.3-д Цахим сургалтын чанарын явцын үнэлгээг 3-4 дэх долоо хоногт зохион байгуулж, хангалтгүй гэж үнэлэгдсэн хичээлийг цуцлах тухай заалт тусгагдсан. Уг заалтын хүрээнд Хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын хэлтсээс явцын санал асуулгыг 2021 оны 2 дугаар сарын 23-аас 3 дугаар сарын 1-ний хооронд хаврын улирлын эхний 3 долоо хоногийн үнэлгээг хийх зорилгоор зохион байгууллаа.

Санал асуулгыг хаврын улиралд хичээл сонгон судалсан бүх түвшин, хэлбэрийн суралцагчид (хуваарийн дагуу эхлээгүй байсан орой, эчнээ болон бусад хичээлийг оруулаагүй)-аас заавал биш байдлаар зохион байгуулсан ба 10551 суралцагч санал өгч оролцсон байна. Энэ нь энэ улиралд хичээл сонгон судалж буй суралцагчдын 75,8% нь байлаа. 18 асуулт бүхий санал асуулгын үр дүнд 1325 хичээлээр 976013 мөр өгөгдөл цугларч зохих түвшний боловсруулалтыг хийж гүйцэтгэн, 3 дугаар сарын 9-ний өдрийн МУИС-ийн Захиргааны зөвлөлийн хурлаар танилцууллаа. Энэхүү санал асуулгын гол зорилго нь хаврын улиралд цахимаар сургалт явуулах тухай 1 дүгээр сард батлагдсан тушаалын хүрээнд улирлын эхний 3 долоо хоногт сургалт хэвийн явагдаж байна уу гэдгийг тодорхойлох байсан.

Санал асуулгын үр дүнг МУИС-ийн дүнгээр тоймлон хэлбэл эхний 3 долоо хоногийн хувьд нийт оролтын 2,5% нь багш хичээл ороогүй гэсэн хариулт өгсөн байна. Үүнийг цааш нь хичээл бүрийн оролтоор авч үзвэл эхний долоо хоногийн семинар ороогүй гэхээс авахуулаад нийт 6 удаа ороогүй гэсэн үнэлгээний үр дүнгүүд бий. 6 удаа буюу эхний 3 долоо хоногийн байдлаар нэг ч удаа ороогүй 5 хичээл, 1-4 удаа ороогүй гэж үнэлэгдсэн нийт 29 хичээл байна. Уг хичээлүүдийг тодорхойлохдоо бид тухайн хичээл дээр санал өгсөн нийт суралцагчдын 30-аас дээш хувь нь ороогүй гэсэн хариулт өгсөн гэсэн нөхцөлөөр шүүн гаргасан. Мөн огт ороогүй гэсэн хичээлүүдийг хичээл бүр дээр 2-5 суралцагчтай утсаар холбогдон аман тодруулга авч баталгаажуулсан. Дээрх хичээлүүдийн талаар захиргааны зөвлөлөөс 4 хүртэл удаа ороогүй 29 хичээлүүдийг нөхөж оруулах, огт ороогүй 5 хичээлийг тэнхимээс санал авч багшийг солих нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор багшийн сургалтын А цагийн гүйцэтгэл хасагдаж тооцогдоно. Тухайн багшаар нь нөхөж оруулах болон багш солих хичээлүүдийн талаар Элсэлт, бүртгэлийн хэлтсээс хичээл бүрээр харьяа тэнхим, багш нартай холбогдож байгаа.

Санал асуулгын хүрээнд нийт хичээлийн 95,8% нь Microsoft Teams системээр сургалт явагдаж байгаа бол 1% нь Open edx (online.num.edu.mn) цахим сургалтын платформоор, 3,2% нь бусад гэсэн хариултыг өгсөн байна. Teams болон Сиси хослуулсан хувилбарыг Бусад гэсэн сонголтоор өгсөн байгаа нь энэхүү сонголтын хувь нэмэгдэхэд хүрсэн. Түүнчлэн цөөн тооны хичээл дээр албан ёсны лиценз бүхий платформ ашиглаж байгаа зөвшөөрөгдсөн хичээлүүд энэхүү бусад ангилалд багтсан байна. Платформ ашиглалтын хувьд дээр дурдсанаас бусдаар сургалтын өөр (google meeting, facebook г.м) платформоор дагнан сургалт явуулж буй хэлбэр байхгүй гэж үзэж болно. Харилцааны идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор Teams платформ ашигласан үндсэн сургалт дээр нэмэлтээр бусад төрлийн харилцаа холбооны арга хэрэгслүүдийг ашиглаж буй тохиолдол бий.

Нийт оролтын 73,1% нь тухайн цаг дээрээ синхрон буюу шууд (on-time буюу live) цахим хэлбэрээр орж байгаа бол бусад хэсэг нь урьдчилан бэлтгэсэн видео файл эсвэл линк илгээх байдлаар орж байна. Цөөн тохиолдолд аудио тайлбаргүй текстэн материал өгсөн тохиолдол ялангуяа семинарын хичээл дээр байсан бөгөөд багш нар заавал аудио тайлбар бүхий материал өгөх тал дээр анхаарах шаардлагатай байна. Мөн суралцагчдын 4,52% нь хичээлийн материалыг дахин нөхөж үзэх боломжтойгоор байршуулахгүй (бичлэг (record) хийж үлдээдэггүй, видео бичлэгийн линкийг устгадаг) байгаа гэсэн хариултыг өгсөн тул эдгээр хичээлүүдийг түүвэрлэн холбогдох багш нарт зөвлөмж хүргүүлж байна.

Нийт сургалтын 78,9% нь 61-90 минутын хугацаанд орж байгаа бол сургалтын цахим материалын чанарыг судалгаанд оролцогчдын 2,64% нь хангалтгүй, 9,47% нь дунд зэрэг гэж үнэлсэн байна.

Хичээл бүр дээр өгсөн сэтгэл ханамжийн үнэлгээг МУИС-ийн дүнгээр нэгтгэж харахад нийт оролцогчдын 95,56% нь тухайн хичээлээр эзэмших мэдлэг, чадварын эзэмшиж байгаа гэсэн бол 95,87% нь тухайн хичээлийг ерөнхийдөө чанартай явагдаж байна гэж үнэлсэн байна.

Цар тахлаас үүдэн цахимаар сургалт зохион байгуулж эхлээд 3 дахь улиралдаа үргэлжилж байгаа энэ үед хаврын улирлын сургалтын үйл ажиллагааг тогтсон нэг платформоор дагнан явуулах тухай шийдвэрийн хүрээнд суралцагчдын өнгөрсөн улирлуудын сургалттай харьцуулсан асуултуудыг асуусан. Үр дүнгээс үзэхэд сургалтыг зөвхөн Teams платформоор дагнан явуулах болсон нь сургалтын чанарт эергээр нөлөөлсөн гэж нийт санал асуулгад оролцогчдын 93,37% нь, өмнөх 2 улиралтай харьцуулахад 92,62% нь ерөнхий байдлаар сургалт чанартай явагдаж байна гэж дүгнэсэн байна.

Эцэст нь дүгнэн хэлэхэд энэ хаврын улирлын сургалтын үйл ажиллагаа нь батлагдсан удирдамжийн хүрээнд чанар, үр өгөөжтэй, багш болон суралцагчид идэвх, чармайлт гарган цар тахлын энэхүү хүнд үеийг хамтдаа амжилттай даван туулж байна гэж үзэж болохоор байна. Сургалтын үйл ажиллагаа нэгдсэн төлөвлөгөөний дагуу явагдаж буй эсэх талаар санал асуулгыг цаашид үргэлжлүүлэн явуулах болно.

Судалгаанд оролцсон болон идэвх зүтгэл гарган ажиллаж, суралцаж буй нийт эрдэмтэн багш, суралцагчдадаа талархал илэрхийлж, цаашдын сургалтын үйл хэрэгт амжилт хүсэн ерөөе.

МУИС-ийн Хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын хэлтэс

Related Posts

}

Шинэ мэдээ