Завхан аймгийг чиглэсэн ачаа тээврийн тоог бууруулах зорилгоор 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл зөвхөн гурил, будаа зэрэг гол нэрийн бүтээгдэхүүний тээвэр болон зам, гүүр гэх мэт бүтээн байгуулалтын ажилд зайлшгүй шаардлагатай бараа материалын тээврээс бусад тээврийг хийлгэхгүй байхаар шийдвэрлэжээ.
Мөн ачаа тээврийг нэг цэгээс буюу Богдын гол багийн гүүрний хажууд байрлах бетонон хашаанаас түгээх бөгөөд тээвэр буулгах жолооч нар болон ачаа авах иргэд бөөгнөрөл үүсгэхгүй, хоорондын зайгаа барьж, халдвар хамгааллын дэглэмээ маш сайн баримтлахыг Аймгийн ЗДТГ-аас онцгойлон анхааруулжээ.
Завхан аймгийн ачаа тээврийн жолооч С, Д нарыг Улаанбаатар хотод байх хугацаанд нь буюу 2021 оны 3-р сарын 19-ний өдөр PCR шинжилгээний хариу нь “эерэг” гарч ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа юм.
Иймд Завхан аймгийн мэргэжлийн байгууллагууд тандалт судалгааг шуурхай зохион байгуулж, дээрх жолооч нар Завхан аймагт байх хугацаандаа харьцсан ойрын хавьтлын 53 иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад бүх хариу сөрөг гарчээ.
Мөн эдгээр 53 иргэнээс гадна Шилүүстэй сумаас 39 иргэн, нийт 92 иргэний PCR шинжилгээний сорьцыг өнөө өглөө буюу 2021 оны 3-р сарын 21-ний өдрийн 09:30 цагийн үед Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв рүү тээвэрлэсэн байна.
Эрсдэл өндөртэй Улаанбаатар хот болон голомт бүхий аймгуудаас зайлшгүй шаардлагатай гурван тохиолдлоор өдөрт 30 гаруй машин 100 орчим иргэн Завхан аймагт ирж байгаа тул халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх шаардлагатай. Ялангуяа сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг Улаанбаатар хот болон голомт бүхий аймгуудаас ирсэн хүнтэй хавьтал болгохгүй байхыг эцэг эхчүүдэд онцгойлон анхааруулжээ.
Эх сурвалж: Завхан аймгийн Онцгой комисс