Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн материал холбогдох бичлэгүүдийг бүхэлд нь нууцаас гаргахаар шийдвэрлэсэн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээллээ.
Өмнө нь Засгийн газраас уг хэрэгтэй холбоотой баримт, бичлэгийг хэсэгчилсэн байдлаар ил болгож байсан юм.
Нууцаас гаргасан зарим бичлэгт ялтан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн асуудал ил болсон. Улсын дээд шүүхээс өнөөдөр ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарыг дээрх хэргийг мөрдөн шалгаж байхдаа ялтнуудад эрүү шүүлт тулгасан гэм буруутайд тооцож, ял оноосон юм.
Өнөөдрийн Засгийн газрын шийдвэртэй холбоотойгоор ТЕГ-ын дарга асан Б.Хурцын өмгөөлөгч Б.Мэргэн “С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн материалаас бичлэгүүдийг нууцаас гаргахаар ЗГ шийдсэн гэнэ. Өнөөдрийн шийдсэн хэрэгтэй хамт бүхэлд нь ил болгохгүй бол ингэж сэглээд ямар ч үр дүнгүй гэж хэлээд л байгаа. Жүжгээ болио” гэж байр сууриа илэрхийлжээ.