Их Британийн эрх баригчид Хонконгийн эсэргүүцлийн хөдөлгөөний удирдагчдын нэг, өдгөө эрэн сурвалжлагдаж байгаа Натан Ло-д улс төрийн орогнол олгожээ.
“Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн байгууллагууд дөрвөн сарын турш шалгаж, уулзаж, ярилцсаны эцэст Их Британийн Дотоод хэргийн яам миний орогнол хүссэн өргөдөл батлагдсан гэдгийг мэдэгдлээ” хэмээн тэрбээр “Facebook” хуудсандаа бичсэн байна.
Натан Ло Хятадын эрх баригчид Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг Хятадын эрх баригчид баталсны дараа өнгөрсөн оны долоодугаар сард Лондон руу зугтан гарчээ. Энэхүү шинэ хууль нь салан тусгаарлах үзэл, терроризм, төрийн эрх мэдлийг булаах, Хятадын эсрэг гадаадын хүчинтэй үгсэн хуйвалдах гэх зэрэг Хонконгийн үндэсний аюулгүй байдалд аюул учруулж буй үйлдлээс урьдчилан сэргийлэх зорилгтой бөгөөд ийм үйлдлүүдэд оноох ялын дээд хэмжээг бүх насаар нь хорих ял байхаар тусгасан байна.
Өдгөө 27 настай Ло оюутнуудын хөдөлгөөний удирдагч байсан бөгөөд Хонконгийн эсэргүүцлийн хөдөлгөөнүүдэд идэвхтэй оролцдог байжээ. Тэрбээр “шүхэрт хөдөлгөөн” гэгдээрээ алдартай, 2014 оны намар болсон олон нийтийн эсэргүүцлийн ажиллагаанд оролцсоныхоо төлөө найман сар шоронд хоригдож байв. 2016 онд Ло Хонконгийн түүхэн дэх хамгийн залуу хууль тогтоогч болсон боловч дуулиан шуугианы улмаас удалгүй огцорчээ.
Өөр нэг нөлөө бүхий сөрөг хүчний зүтгэлтэн болох Жошуа Вонг Ло-гийн хамтаар “Демосисто” намыг байгуулж байжээ. Тус нам нь “Хонконгийн тусгаар тогтнол” -ын үзэл санааг сурталчлах үүрэг хүлээсэн байсан боловч зургаадугаар сарын 30-нд буюу Хятадын парламент үндэсний аюулгүй байдлын тухай шинэ хуулийг баталсан өдөр сайн дураараа татан буугдсан байна. Энэхүү хууль батлагдсаны дараа Хонконгийн сөрөг хүчний олон зүтгэлтэн Засгийн газрын эсрэг үйл ажиллагаагаа хумьж, зарим нь АНУ, Их Британи, Тайвань руу дүрвэжээ.