Монгол Улсын иргэн бүрт 300 мянган төгрөг олгохоор болсон нь ХАЛАМЖ биш ДЭМЖЛЭГ гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.
“Оюу Толгой” компаниас гуч хоногийн дотор гурван удаагийн шилжүүлгээр орж ирсэн 1 их наяд 26.5 тэрбум төгрөгийг иргэддээ бэлэн мөнгө хэлбэрээр олгохоор шийдвэрлээд буй юм.
Хэвлэлийнхний зүгээс Лондоны арбитрын маргаанд Монгол Улс ялагдвал яах вэ. Энэ мөнгийг ингээд тараачихаж болж байгаа юм уу гэсэн агуулгатай асуултыг асуулаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариулахдаа “Оюутолгойгоос орж ирсэн энэ мөнгийг төсвийн нөхөөс байдлаар юм уу, хөрөнгө оруулалт байдлаар гэхээсээ энэ цар тахлын үед иргэддээ дэмжлэг хэлбэрээр олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Татварын асуудлаарх маргааны тухайд “Оюу Толгой” компани актаар ногдуулсан мөнгийг шилжүүлсэн нь ялагдсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Цаашлаад арбитрын маргаан үргэлжиллээ гэхэд багадаа 2-3 жил үргэлжилнэ. Оюутолгойн асуудал эхний байдлаар ингээд үр дүн гараад санхүүжилт нь ороод ирсэн байгаа энэ үед бид эс үйлдэл хийгээд яахав ээ гэж үзэж байгаа” гэв.