Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах захирамж гаргасан нь давхар давхар хууль зөрчсөн үйлдэл болжээ. Тухайлбал, улс төрийн намын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцоод зогсохгүй улс төрийн ууган хүчин МАН-ын 200 гаруй мянган гишүүд дэмжигчдийн үзэл бодлыг илтэд үгүйсгэсэн мэдэгдэл болов.
Монгол Улсын эв нэгдлийн бэлгэ тэмдэх байх учиртай Ерөнхийлөгч ийнхүү ард түмнээ албан ёсоор талцуулан хуваагаад зогсохгүй итгэл үнэмшилд нь илтэд халдсан үйлдэл юм. Хамгийн ноцтой нь тэрбээр өдгөө өөрийн намыг хоёр хувааж, улс төрийн тавцангаас арчигдах хэмжээнд хүргэчихээд байгаа атлаа өрөөлийн намын дотоод үйл ажиллагаанд эрх мэдлээрээ далайлган халдсан явдал. Ерөнхийлөгч Х.Баттулга АН-ыг хуваасандаа сэтгэл нь ханаагүй бололтой Ардын нам руу ийнхүү шүлсээ үсчүүлж эхлэв. Гэтэл улс төрийн нам гэдэг бол хэн нэгний хэлснээр тарчихдаг албан байгууллага биш. Үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн хүмүүсийн нэгдэл бөгөөд тарж бутрахдаа хүрвэл тусгай хуулиар зохицуулдаг учиртай.
Тодруулбал, Улс төрийн намын тухай хуулийн 23.1-т заасны дагуу “Намын үйл ажиллагааг намын эрх барих дээд байгууллагын шийдвэрээр зогсоох бөгөөд ажлын тав хоногт багтаан Улсын Дээд шүүхэд бичгээр мэдэгдэнэ. Улсын Дээд шүүх ажлын тав хоногт багтаан уг намыг улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлнэ” хэмээн заасан байдаг. Эс бөгөөс тус хуулийн 23.2.-т заасан үндэслэлээр Улсын Дээд шүүх л шийдвэр гаргана. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчид ийм бүрэн эрх Үндсэн хууль болон бусад хуулиар ч огт олгогдоогүй. Гэтэл тэрбээр дур зоргын шинжтэйгээр мэдэгдэл хийж, төрийн эрх барьж буй улс төрийн намыг тараана гэсэн нь эсрэгээрээ төрд тэрсэлсэн үйлдэл болсон учраас импичмент үзүүлэх нөхцөлийг ийнхүү өөрөө бүрдүүлчихэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын “МАН-ыг тараана” гэсэн ганцхан өгүүлбэр нь “Төрийн өндөр албан тушаалтан төрд тэрсэлсэн, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан үйлдэл” болжээ. Төрийн өндөр албан тушаалтныг эгүүлэн татах, хариуцлага тооцох үйл явцыг олон улсад импичмент гэж нэрлэдэг. Импичментийн хүрээнд төрийн өндөр албан тушаалтны бүрэн эрхийнх нь хугацааг дуусахаас өмнө эгүүлэн татаж, огцруулдаг. Харин Үндсэн хууль болон эрх зүйт ёсонд аюул учрахад улс төрийн засаглалаар хамгаалахад импичментийн ач холбогдол оршдог учиртай. Ийнхүү Х.Баттулга Ерөнхийлөгч төрийн эрх барьж буй нам буюу төрд тэрслээд зогсохгүй Үндсэн хуульт ёсыг уландаа гишгэсэн үйлдэл гаргасан нь түүнд импичмент үзүүлэх цаг болсныг бүрэн харуулав.
Эх сурвалж: Ерөнхийлөгч Х.Баттулгад улс төрийн намыг тараах эрх байхгүй ~ Suvag.mn – Асуудлын гүнд