Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдлын мэдээг 2021.04.22-ний 11.00 цагийн байдлаар ЭМЯ-наас танилцууллаа.
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 10 гаруй мянган хүнд шинжилгээ хийхэд 1328 сорьцод коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 26692 болсон байна.
Харин хоногт 426 хүн эдгэрч, нийт эдгэрэлтийн тоо 13772 болжээ. Харамсалтай нь сүүлийн 24 цагийн хугацаанд таван иргэн нас барж, улсын хэмжээнд нийтдээ 61 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна.
Нас барсан иргэдийн хувьд 90 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 21-нд онош батлагдаж эмнэлэгт хүргэгдсэн ч нэн хүнд байдалтай нас барсан байна. 48 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 13-нд онош нь батлагдсан, 72 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 13-нд онош батлагдан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан ч харамсалтай нь нас баржээ. 61 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 12-нд, 60 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 18 онош батлагдан эмнэлэгт эмчлүүлж байгаад коронавирусийн нэн хүнд өвчлөлөөс улбаатай амьсгалын дутагдлаар нас барсан байна. Мөн 49 настай эрэгтэй коронавириусийн халдвартай нь дөрөвдүгээр сарын 12-нд батлагдан, Гэмтэл согог судлалын үндэсний төвд тархины гэмтэлтэй эмчлүүлж байгаад нас барсан байна.
Шинээр илэрсэн тохиолдлын 1245 нь Улаанбаатар хотод, зөөвөрлөглсөн хоёр, хөдөө орон нутаг 80 тохиолдол нь аймаг орон нутагт бүртгэгдсэн бөгөөд Завхан аймагт хамгийн өндөр буюу 22 тохиолдол нэг өдөрт бүртгэгджээ. Нийслэлийн есөн дүүргийн 150 гаруй хороонд халдварын голомт тархаад байна.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийтдээ 3789 хүн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байгаагаас хөнгөн 2124, хүндэвтэр 1293, хүнд 309, маш хүнд 63 хүн байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.
Сүүлийн нэг сарын хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүндэвтэр, хүнд болон маш хүнд өвчтөнүүдийн тоо нэмэгдэж, хөнгөн өвчлөлийн зэрэг буурч байгаа тоо ажиглагдаж байна. Мөн хүндээр өвчлөх байдал зөвхөн эрсдэлт бүлэг, ахмад настнууд төдийгүй залуусын дунд ихээр гарч байгааг анхааруулж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг уриалсан юм.