Олон улсын вакцин хангамжийн КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар 50.400 тун АстраЗенека AZD1222 вакциныг өчигдөр хүлээн авлаа. Энэ нь 2021 оны эхний хагас жилийн хугацаанд Монгол Улсад олгохоор хуваарилагдсан 239.160 тун вакцины нэг хэсэг бөгөөд дээрх дүнг задлавал, КОВИД-19 халдварын эсрэг АстраЗенека AZD1222 вакцинаас 5 дугаар сарыг дуустлах хугацаанд 112.800 тун, Пфайзер/БиоНТех BNT162 вакцинаас 6 дугаар сарыг дуустлах хугацаанд 126.360 тунг тус тус хүлээн авахаас 3 дугаар сарын 12-ны өдөр АстраЗенека AZD1222 вакцинаас 14.400, 3 дугаар сарын 24-ний өдөр Пфайзер/БиоНТех BNT162 вакцинаас 25,740 тун, 4 дүгээр сарын 21-ний өдөр АстраЗенека AZD1222 вакцинаас 50.400 тунг хүлээн аваад байна.
Хөтөлбөрийн хүрээнд хүлээн авсан вакциныг Монгол Улсын КОВИД-19 халдварын эсрэг вакцинжуулалтын үндэсний төлөвлөгөөнд заасны дагуу хүн амын бүлгүүдэд эрэмбэ дарааллын дагуу хийх ажил үргэлжилж байна. Вакциныг дэлхийн улс орнуудад тэгш, хүртээмжтэй хэлбэрээр олгох замаар цар тахлын тархалтыг таслан зогсооход дэмжлэг үзүүлэх зорилго бүхий КОВАКС хөтөлбөрт санхүүжилт олгосон бүх донор улсуудын засгийн газар, олон улсын байгууллага, хувь хүмүүст Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархлаа илэрхийлж байна.