Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын барилгын ажлын явцтай танилцсан. Энэ үеэр Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замыг 2022 оны аравдугаар сар гэхэд ашиглалтад оруулж, хүлээлгэн өгнө гэдгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хэллээ.
Тэрээр “Азийн хөгжлийн банкны гүйцэтгэгч компани гэрээгээ цуцалсан. Дараагийн тендерийг Азийн хөгжлийн банктай хамтран зарлаж, баримт бичгийг явуулсан. Одоогоор хариу ирээгүй байгаа. Энэ жил хоёрдугаар багц хэсгийн замд гурван хувийн буталмал чулуун суурийг хийж, хөдөлгөөнийг нээх төлөвлөгөөтэй байна. Гуравдугаар багц хэсгийн 45 километр замын ажлыг долдугаар сарын 1 гэхэд дуусгаж, хөдөлгөөнөө нээнэ” гэсэн юм.
Монгол Улсын Засгийн газраас 2018 онд Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай автозам болгон өргөтгөн шинэчлэх шийдвэр гарсан билээ. Энэ дагуу одоо ашиглагдаж буй хоёр эгнээ хуучин автозамыг Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр өргөтгөн шинэчилж, Европын Сэргээн Босголт Хөрөнгө, Оруулалтын Банкны санхүүжилтээр шинээр нэмж хоёр эгнээ автозам барьж буй юм.
Хуучин замыг өргөтгөн шинэчлэх автозамын барилга гүйцэтгэлийг дараах таван багцад хуваан тендер зарлаж, гүйцэтгэгчдийг сонгон шалгаруулж, ажил гүйцэтгэлийг эхлүүлжээ.
Үүнд:
I багц – Улаанбаатраас баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37.26 км,
II багц – Хар модот давааны араас Урьхан хүртэл 45,5 км,
III багц Урьханаас Сүмбэр хүртэлх 45,74 км,
IV багц Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45,08 км,
V багц Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км автозамын барилгын гүйцэтгэлийг аж ахуйн нэгжүүд тус тус гэрээгээр гүйцэтгэж буй юм.
Өнөөдрийн байдлаар 1, 3, 5 дугаар багцын автозам барилгын ажил төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж, 2, 4 дүгээр багцынх зогсонги байдалтай байна. Төлөвлөгөө ёсоор энэхүү гурван багц хэсгийг энэ оны долоодугаар сард ашиглалтад хүлээлгэн өгнө гэв. Харин 2, 4 дүгээр багц хэсгийн гүйцэтгэгчид хүсэлт гаргасны дагуу гүйцэтгэлийн гэрээг цуцалснаар нийт 90.58 км автозамын барилгын ажил хийгдээгүй байна.
Харин шинээр өргөтгөн барих хоёр эгнээ замыг Европын Сэргээн Босголт Хөрөнгө, Оруулалтын Банкны санхүүжилтээр мөн л таван багц хэсэгт хуваан гүйцэтгэгчдийг сонгон шалгаруулж, зам барилгын ажлын гэрээг 2020 оны 10 дугаар сард байгуулан барилгын ажлыг 2021 оны 03 дугаар сард эхлүүлээд байна. Гэрээ ёсоор 24 сарын хугацаанд тус замыг барьж гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өгөх ёстой.