Шадар сайд, УОК-ын даргаар ахлуулсан Ажлын баг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ажил байдалтай танилцсан талаар Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээлэв.
Томоохон боомт оршдог, эдийн засаг, стратегийн чухал ач холбогдолтой энэ бүс нутагт халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт, оношилгоо шинжилгээ, ариутгал халдваргүйтгэлийг өргөн хүрээнд хийх шаардлага тулгарч буйг орон нутгийн удирдлагууд тэмдэглэв. Дөрөвдүгээр сарын дундаас “Шаргын овоо” тусгаарлах байранд тээврийн жолооч нарыг тусгаарлаж байснаас хойш халдвар нэмж бүртгэгдээгүй байна. Зорилтот бүлгийн иргэдийн 80 гаруй хувийг нэгдүгээр, 60 шахам хувийг давтан тунд хамруулсан бөгөөд эрсдэлт бүлэг болох тээврийн жолооч нарын 95 хувь бүрэн тунгаа хийлгэжээ.
Дорноговь аймгийн хувьд дархлаажуулалтаараа улсад хоёрдугаарт байгаа бөгөөд хамрагдах шаардлагатай хүмүүсийн 90 хувь нь нэгдүгээр, 30 гаруй хувь нь давтан тунд хамрагдаад байна. “Ногоон бүс” болох зорилтын хүрээнд тээврийн хэрэгслийн жолооч нар бүрэн тундаа хамрагдсан ч түргэвчилсэн шинжилгээ зайлшгүй өгөх шаардлага тавьж байгаа. Иймээс түргэвчилсэн оношлуур, эм, эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлтэд анхаарахаа Шадар сайд тэмдэглэж, халдварын оношилгооны төв байгуулах хүсэлтийг судлана хэмээлээ.