Гадаад харилцааны яам, Норвегийн Осло төв, Канадын Олон улсын эрдэс баялаг, хөгжлийн хүрээлэнтэй хамтран \”Байгалийн баялаг ашиглалтын зөв зохистой менежмент-3” сэдэвт олон улсын цуврал семинарыг 11 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо зохион байгуулж байна.
Монгол Улсын Олон улсын хамтын ажиллагааны сан нь ардчиллыг хөгжүүлэх, бэхжүүлэх чиглэлээр өөрийн орны туршлага, ололт амжилтыг ардчилалд шилжиж буй улс орнуудтай хуваалцаж хамтран ажиллах зорилгоор Мьянмар, Киргиз, Зүүн-Тимор зэрэг улстай сайн засаглалыг хөгжүүлэх, байгалийн нөөцийн зөв зохистой менежмент зэрэг асуудлаар хамтран ажиллаж байгаа юм.
Тус цуврал семинарын эхний семинарыг Улаанбаатар хотноо 2016 оны 3 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд, 2 дахь удаагийн семинарыг Мьянмар Улсын Нэйпидо хотноо 2016 оны 6 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд тус тус амжилттай зохион байгуулсан.
Энэ удаагийн семинарт Зүүн-Тимор Улсын Газрын тосны сайд А.Пайрес, Мьянмар Улсын Төлөвлөлт, сангийн дэд сайд Маун Маун Вин, Киргиз Улсын Аж үйлдвэр, эрчим хүч, байгалийн баялаг ашиглалтын улсын хорооны дэд дарга Улан Рискулов, Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрдэнэс Монгол ХХК-ий төлөөлөгчид болон бусад гадаад, дотоодын уул уурхай, ашигт малтмалын салбарын төр, хувийн хэвшлийн 60 гаруй төлөөлөгчид оролцож байна. Оролцогчид семинараар өөрийн орны эрдэс баялгийн салбарын хөгжил, тулгарч байгаа сорилт, ололт амжилтын талаар хэлэлцэж, туршлагаасаа хуваалцах зорилготой юм.
Бишкек хотноо болж буй гурав дахь \”Байгалийн баялаг ашиглалтын зөв зохистой менежмент” семинар \”Баялгийн салбар дахь төрийн үүрэг, оролцоо” үндсэн сэдвийн хүрээнд 5 салбар хуралдаан болж, ашигт малтмалын салбар дахь төрийн гүйцэтгэх үүрэг, оролцоог хэрхэн тодорхойлох, төр, хувийн хэвшлийн хоорондын уялдаа холбоог хэрхэн зохицуулах, ил тод байдлыг сайжруулах зэрэг асуудлаар оролцогчид хэлэлцүүлэг өрнүүлэх болно.
Түүнчлэн семинарын хүрээнд манай төлөөлөгчид Киргиз Улсын Аж үйлдвэр, эрчим хүч, байгалийн баялаг ашиглалтын улсын хорооны удирдлагатай уулзах, Киргизийн Кумтор уурхайтай танилцах юм.
Гадаад харилцааны яам