Монгол ардын намын Бага хурлын гишүүн Б.Лхагважав “Өдрийн сонин”-ны сэтгүүл Ц.Баасансүрэнд ярилцлага өгчээ. Тус ярилцлагаас онцлох зарим эшлэлийг хүргэе.
1. Монголын хэмжээний том намыг удирдаж байсан намын дарга Ерөнхийлөгч болоод явчихаар том орон зай гардаг. Ц.Элбэгдорж, Н.Энхбаярт ч тохиолдож байсан. У.Хүрэлсүхийн хувьд ч ялгаагүй, тийм орон зай гарч ирж байна.
2. Хэрвээ У.Хүрэлсүх Ерөнхийлөгч өмнөх шигээ хоёрдмол байдлаар Засгийн газрыг, намыг далд утгаар удирдана гэж зүтгэвэл Н.Энхбаярын зовлонг амсана.
3. Ний нуугүй хэлэхэд, Х.Баттулгыг дахин Ерөнхийлөгчид нэр дэвшиж гаргах боломжийг хаахын төлөө Монголын бүх бизнес, улс төрийнхөн сая нэгдлээ.
4. Сүүлийн гурван жилд манай намд өрнөж буй процесс гайхал төрүүлэх болсон. У.Хүрэлсүх даргад харизм нь зохидог юм. Өөрөөр хэлбэл, цэргийн талын хүмүүжил нь. Ний нуугүй хэлэхэд, У.Хүрэлсүхээс өөр хүнд зохидоггүй. Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ ер хэнд ч зохихгүй.
5. Манай нам У.Хүрэлсүх даргын стиль, арга барил руу орчихсон. Нэг л хүр хар гэсэн улс, нэг л их цэргийн зохион байгуулалттай орчин мэдрэгдэх болсон л доо. Манай намын цагаан байран дахь энэ уур амьсгал Монгол Улсын Төрийн ордны зүүн талын жигүүрт бий болчих вий гэдгээс би ч айж байна.
6. МАН-д саявтар 55000 хүнээ хөтөлж оруулж ирсэн Н.Энхбаярын нам байна. Энэ намын тухайд Ерөнхийлөгчийн засаглалыг дэмждэг, Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлдөө яг энэ концепцоо хийчихсэн яваа. Ийм бүхэл бүтэн том бүлэглэл МАН-д ороод ирчихсэн. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болоод яваад өгсний дараа нам доторх Н.Энхбаярын хүч ихэснэ.
7. Н.Энхбаяр манай намын бага хуралд 100 хүнтэй ороод ирлээ. Удирдах зөвлөлийн 30 хувийг авч байгаа. Мөдхөн Намын их хурал хуралдаж намын бага хурлаа сонгоход Н.Энхбаяр, М.Энхболдын фракц бараг 70-80 хувийг авна.
8. Бүр цаашлуулж харвал, бид ирэх намар Н.Энхбаяр гэдэг Ерөнхий сайдтай болчихсон сууж ч магадгүй. Учир нь Н.Энхбаяр гэдэг хүн арван жил хатаагдсан. Энэ намаас гараад хангалттай зовлон туулсан. Иймд үед С.Баяр даргыг оруулж ирж байж л Н.Энхбаярын хүчийг сарниулах боломжтой.
9. М.Энхболд, Н.Энхбаяр гэсэн хоёр том хүчийг зангидах ажлыг Л.Оюун-Эрдэнэ, Амарсайхан нар хийж чадахгүй. С.Баяр дарга хүссэн хүсээгүй жилийн дараа МАН-ын генсек болж байж л тэнцвэрийг бий болгоно.
10. Монголын ард түмэн чөлөөт зах зээлд дуртай, хүний эрхээр зовохоор өөрийн эрхээр жарга гэсэн филисофиор сүүлийн 30 жил амьдарсан үндэстэн. Ийм орчинд социализм ярьж, нам төрийн удирдлагыг шүтүүлэх гэж зүтгээд хол явахгүй.
11. Сүүлийн хоёр сонгуульд ялалт байгуулахад нь маш том буян боллоо шүү дээ, ковид. Хэрвээ ковидгүй байсан бол МАН дахиад ялагдах байсан.
12. Бид яг юуны төлөө явж байгаагаа тодорхой болгох ёстой. Иргэнийхээ аз жаргалын төлөө явж байна уу, төрийн сайн сайхны төлөө зүтгэж яваа юу гэдгээ тодорхой болгох хэрэгтэй.
Эх сурвалж: Өдрийн сонин