Засгийн газрын өнөөдөр ээлжит бус хуралдаанаар 2021 оны Улсын төсөвт тодотгол хийж, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Төсвийн тодотголд орсон эрүүл мэндийн салбартай холбоотой асуудлыг С.Энхболд сайд тодруулан мэдээлж, сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм. Ковид-19-ийн эмийн нөөц, санхүүжилтийн талаар тодруулахад,
Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Хөнгөн болон эрсдэлтэй, өндөр эрсдэлтэй иргэд эмийн багц тарааж байгаа. Татан авалтуудыг тогтмол хийж, эмийн хангалт хэвийн явагдаж байгаа. Энэ талаар ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаг хяналт шалгалт, судалгаа хийж байна. Өрхийн эмнэлгүүд халдвар авсан ч гэртээ эмчлүүлж буй иргэдэд тусламж үзүүлж байгаа бөгөөд нэг өвчтөнд үйлчлэхэд 70 мянган төгрөгийн санхүүжилт олгож байв.
Харин долоодугаар сарын 1-нээс санхүүжилтийг 160 мянган төгрөг болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Өвчтөний тоогоор олгож буй уг санхүүжилтээр өрхийн эмнэлгүүд цар тахлын үеийн тусламж үзүүлэх зардлаа шийдвэрлэхээс гадна халдвар авсан иргэдийг вирусийн эсрэг эмээр нь хангах төсөв шийдэгдэж байгааг онцлов.