Энэ жил цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг нээх үү гэдэг нь иргэдэд хүлээлт үүсгээд байна. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн зүгээс энэ жил танхимын сургалтыг нээхээр төлөвлөснийг өмнө нь мэдэгдсэн. Гэвч хичээлийн шинэ жилийг нээхийг Засгийн газар, Улсын онцгой комиссоос эцэслэн шийдээгүй байна. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг танхимаар эхлүүлэхээр тодорхой хувилбар, төлөвлөлтүүдийг салбарын яам боловсруулсан байна. Үүнтэй холбогдуулан цаг үеийн асуудлаар Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир дараах тайлбарыг өглөө.
Тэрээр “ Ерөнхий боловсролын хичээлийн агуулгыг цахим контент руу шилжүүлсэн ч хүлээн авч буй хүүхэд бүрт хүртээмжтэй биш. Харилцан адилгүй орчин нөхцөлд хүүхдүүд амьдарч байгаа учраас теле хичээл ялгаатай байдлыг үүсгэж байгаа юм.
Иймд танхимын сургалтыг эхлүүлэх шаардлагатай. Үүнийг ч дэлхийн олон улс зөвлөж, бид ч мэдэрч байна. Цар тахал дэгдсэнээс хойш хоёр жилийн хугацаанд хүүхдүүд хичээлийн хоцрогдолтой болсон. Үүнийг хэрхэн яаж арилгах талаар салбарын яам өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн үндэсний хэмжээний цогц төлөвлөгөөг боловсруулаад ажиллаж байна. Хичээлийн шинэ жилийг эхлүүлэх, танхимын сургалтыг нээхээр бид бэлтгэл ажлаа хангаж байгаа ч Засгийн газар, Улсын онцгой комисс эцэслэнэ. Иймд салбарын яамны зүгээс хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэхэд бүхий л талаар бэлтгэл ажлыг хангаж байна.
Цар тахлын улмаас сүүлийн хоёр жил нэгдүгээр ангийнхны элсэлтийг намар наймдугаар сараас эхлүүлэх зохицуулалт хийж байна. Аль болох эрсдэл багатай цахимаар бүртгэх боломжийг эрэлхийлж байна.
Энэ жилийн хувьд наймдугаар сарын хоёрдугаар долоо хоногоос эхлэн тухайн орон нутаг нэгдүгээр ангийн элсэлтээ эхлүүлнэ. Ингэхдээ боловсролын цахим системд тулгуурласан хүндрэл чирэгдэл багатай нээлттэйгээр зохион байгуулахаар төлөвлөсөн. Урьдчилсан байдлаар, энэ жил 81 мянга гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэх урьдчилсан тооцоо бий.
Бид аль болох олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй, халдвараас урьдчилан сэргийлэх бүхий л зохион байгуулалтыг хийж, эрсдэл багатай хичээлийн шинэ жилийн нээлтийг зохион байгуулна. Тиймээс есдүгээр сарын 1-нд цахимаар нээлтээ хийх болов уу. Өнгөрсөн жил ч бас бид есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилийг цахим нээлтээр эхлүүлсэн. Гэхдээ сурагчдыг аль болох танхимын сургалтад хамруулахыг зорино. Тухайн үед халдварын тархалтын нөхцөл байдлаас шалтгаалан танхимын болон танхимын бус хосолсон сургалт явах боломжтойгоор хичээлийг эхлүүлнэ” гэв.