Амарч явахдаа могойд хатгуулсан иргэн нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, энэ сарын 2-ны өдөр иргэн “Б” Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт амарч байх үедээ гарын шуу хэсэгтээ могойд хатгуулан, улмаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгджээ.
Гэвч могойн хор бүх биеэр нь тархсан тул наймдугаар сарын 6-ны өдөр ГССҮТ-д эмчлэгдэж байхдаа шархаа даалгүй нас барсан байна. Уг хэргийг одоогоор Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж.
Сүүлийн үед нийслэлийн суурьшлын бүсэд бамбай хоншоорт хортой могой орж ирэх болсон талаар холбогдох байгууллагуудаас анхааруулж буй.
Иймд нийслэлийн суурьшлын бүсэд могой харсан иргэд НБОГ-ын 323780, 310005 утсан дуудлага мэдээллийг яаралтай өгөөд мэргэжлийн хүмүүс очих хүртэл ажиглаад байж байх хэрэгтэй. Ингэхдээ могойгоор оролдохгүй, уурыг нь хүргэж болохгүйг сануулж байна.
Түүнчлэн могойд хатгуулсан бол яаралтай эмнэлгийн байгууллагад хандаад, шингэн зүйл их хэмжээгээр ууж аль болох хөдөлгөөнгүй хүлээх ёстой.
Иргэд амарч зугаалах үедээ өндөр өвстэй газраар урт түрийтэй гутал өмсөж, могойд хатгуулахаас сэргийлэхийг зөвлөж байна.