Улирлын томуугийн эсрэг вакциныг хэзээнээс хийж эхлэх талаар болон коронавируст халдвараас хэрхэн ялгах талаар албаныхнаас тодрууллаа.
Эрүүл мэндийн яамнаас “Есдүгээр сараас нэгдсэн байдлаар томуугийн эсрэг вакциныг сайн дурын үндсэн дээр эрсдэлт бүлгийнхэнд хийнэ. Есдүгээр сард вакцин үйлдвэрээс гарна.
360 мянга орчим тун томуугийн эсрэг вакцины урьдчилсан захиалга өгөөд байна. Томууг, коронавируст халдвараас шинж тэмдэг, оношилгоо шинжилгээгээр ялгах боломжтой. Вакцины заалтаас хамаарч хэдэн настай хүүхдэд хийх нь тогтоогддог. Зарим вакцины заалтад зургаан сартайгаас гэж заасан байдаг бол заримд нь нэг настайгаас эхэлж хийнэ” гэсэн тайлбарыг өгөв.
Томуугийн эсрэг вакцинд хамрагдсанаар томуугийн өвчлөл болон хүндрэлээс сэргийлэх үр дүнтэй байдаг тул эцэг эхчүүд сургууль, цэцэрлэгээс авч байгаа зөвшөөрлийн хуудастай танилцан, мэдээллээ бүрэн өгч, гарын үсэг зуран баталгаажуулж, бага насны хүүхдүүдээ дархлаажуулалтад хамруулах хэрэгтэйг албаны хүмүүс онцолж байлаа.
Хичээлийн хэрэгслээ солихоос зайлсхийх хэрэгтэй
Харин НЭМҮТ-өөс “Энэ хоёр өвчний хувьд шинж тэмдэг нь их ойролцоо. Гэхдээ амт, үнэр мэдрэхгүй болох шинж тэмдэг нь томуугийн үед ховор илэрдэг. Өөрөөр хэлбэл КОВИД-19 туссан хүнд энэхүү шинж тэмдэг болон хоолой өвдөх нь түгээмэл илэрч байна.
Ханиалгах, халуурах, нусгайрах, ядарч сульдах, бие арзайх зэрэг бусад шинж тэмдэгүүд ижил идэрдэг. Томуугийн үед шинж тэмдэг гурваас дөрөв хоног үргэлжилнэ. Харин КОВИД-19-ийн хувьд нэг сар хүртэл үргэлжлэх тохиолдол ч бий. Тухайн өвчнүүд нь амьсгалын замаар халдварладаг учир урьдчилан сэргийлэх зөвлөгөө адил байдаг.
- Маск зүүж, зай барих
- Гараа сайтар угаах,
- Өрөө тасалгаандаа агаар сэлгэлт хийх,
- Олон хүн цугласан газраар явахгүй байхыг зөвлөж байна.
Удахгүй хичээл эхлэх гэж байна. Бага насны хүүхдүүдийн хувьд хичээлийн хэрэгслээ солихоос зайлсхийж, нэг ангид олуулаа суудаг бол агаар сэлгэлт сайн хийж, цайндаа орохдоо аль болох олуулаа нэг дор суухгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй” гэсэн зөвлөмжийг өглөө.