Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа, Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг 2021 оны 12-р сарын 31-ний дотор нүүлгэн шилжүүлэх Засгийн газрын тогтоол гарлаа. Нүүлгэн шилжүүлэхтэй холботоой зардлыг шийдэхийг Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болголоо.
Мөн БШУ-ы сайд Л.Энх-Амгаланд, ХААИС-ийн харьяа зарим сургуулийг Дархан-Уул аймаг руу, ШУТИС-ийн харьяа зарим сургуулийг Өмнөговь аймаг зэрэг орон нутаг руу шилжүүлэх замаар төвлөрлийг сааруулах шийдвэр гаргалаа.
Ж.САНДАГСҮРЭН: ГОЛДУУ ИРГЭДЭД ҮЙЛЧИЛДЭГ САЛБАР, НЭГЖҮҮДИЙГ ЭХНИЙ ЭЭЛЖИНД НҮҮЛГЭНЭ
Хотын захиргааг нүүлгэх шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх асуудлаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Хотын захиргааны хэчнээн байгууллага эхний ээлжинд нүүх вэ?
-Нийслэлийн төр захиргааны 16 агентлаг бий. Эдгээр байгууллагын 900 гаруй ажилтан, албан хаагч Яармаг руу шилжих шийдвэр гаргалаа. НЗДТГ-аас бэлтгэл ажлыг хангаж, 12-р сарын 31-ний дотор үе шаттайгаар нүүж, төвлөрлийг сааруулахад хувь нэмэр оруулж ажиллана.
-Яармагийн замын түгжрэл улам нэмэгдэх асуудлыг тооцсон уу?
-Яармагт төлөвлөлтийн алдаа гарсан нь үнэн. Замын түгжрэл, ачааллыг нэмэхгүйн тулд цагийн хуваарийн зохион байгуулалт хийх тухай хамгийн түрүүнд яригдаж байна.
-Нүүлгэн шилжүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулах вэ?
-Шинэ барилга гурван блок хэсэгтэй бөгөөд нэг блок нь ашиглалтад орсон. Бусад ажлын явц 70 хувьтай үргэлжилж байна. Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудаар өдөрт 3000-5000 иргэн үйлчлүүлдэг. Голдуу иргэдэд үйлчилдэг салбар, нэгжүүдийг эхний ээлжинд нүүлгэхээр төлөвлөж байна. нүүлгэн шилжүүлэлтийг үе шаттайгаар зохион байгуулж, ирэх намар гэхэд бүрэн нүүж дуусах юм.
-Нийслэлийн Засаг захиргааны байруудыг ямар зориулалтаар ашиглах вэ?
-Хангарьд ордон бол нийслэлийн өмч учир хэрхэх шийдвэрийг НИТХ-аас гаргана. Өнгөрсөн жил дуудлага худалдаагаар худалдахаар төлөвлөсөн.
-Хангарьд ордныг ямар үнээр худалдахаар төлөвлөсөн бэ?
-Хоёр жилийн өмнө анхны үнэлгээ өнгөрсөн жил 46 тэрбум төгрөгөөр тогтсон. Энэ жил яаж тогтохыг тодорхой хэлж мэдэхгүй байна гэлээ.