Нийгмийн сүлжээгээр өчигдөр Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан батлагдсан тохиолдлын тоон мэдээллийн зураг тархсан юм. Уг баримтад нийслэлд хоногт нийт 5540 хүнээс халдвар илэрсэн тухай мэдээлэл байв.
Гэвч өчигдөр Эрүүл мэндийн яамнаас бүртгэгдсэн халдварын тохиолдол 1540 байсан. Яагаад ийм зөрүүтэй мэдээлэл байгаа талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын хэлтсийн даргаас тодруулахад “Энэ тоо зөвхөн PCR-ийн шинжилгээнийх биш. Түргэвчилсэн тестийн тоо орж байгаа учраас 5000-тай байгаа. Эрүүл мэндийн яамнаас олон улсын жишгээр зөвхөн PCR-ийн шинжилгээний хариуг зарлаж байхаар болсон тухай албан ёсоор мэдэгдсэн. НЭМГ-аас өдөр бүр PCR болон түргэвчилсэн шинжилгээний мэдээллээ өгдөг. Түүнээс зөвхөн PCR-ийг нь зарлаж байна” гэв.
Тиймээс хоногт түргэвчилсэн болон PCR шинжилгээний нийт тохиолдол 5000 даваад байгаа ажээ.
ЭМЯ-ны есдүгээр сарын 10-ны өдрийн хэвлэлийн хурлаар УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн О.Батбаяр “Бид цаашид PCR шинжилгээгээр баталгаажсан ковид-19-ийн тоог албан ёсоор зарлах болно. 2021 оны 5-6 дугаар сард мутацлагдсан вирус орж ирсэн тул хурдавчилсан оношилгоонд суурилж, иргэдийг эмчилгээнд оруулж байсан. Тэгвэл өнөөгийн нөхцөл байдалд тулгуурлан энэ шийдвэрийг хүчингүй болгож байна” гэж мэдээлсэн юм.