Иерусалем хотод оршдог Жүүдийн шашны анхны сүмийн ойролцоо малтлага явуулсан археологичид 2,700 орчим жилийн настай эртний жорлон илрүүлснээ өчигдөр мэдээлжээ. Уг эдлэл нь нийтийн тооллын өмнөх 7 дугаар зууны үед хэн нэгэн язгууртны өмчлөлд байсан гэж үзэж байгаагаа Израйлийн Эртний Олдворын Захиргаа мэдэгдсэн байна.
Эртний жорлон нь дөрвөлжин шохой чулууг нүхэлсэн суултууртай, доод талдаа хад ухаж гаргасан бохирын савтай байжээ. Маш ховорт тооцогдох ийм эдлэлийг тухайн үед зөвхөн баяд язгууртнууд хэрэглэж байсан байх өндөр магадлалтайг Израйлийн эрдэмтэд ярьж байна.
“Өнөөдрийн бидний түгээмэл хэрэглэдэг зүйл эртний Израйльд тансаг хэрэглээ байсныг харахад гайхалтай байна” гэж Эртний Олдворын Захиргааны тэргүүн Эли Эскозидо хэвлэлд ярьжээ. Жүүдийн шашны анхны сүмийн сууринаас бас эртний шавар ваар савнууд, амьтны яс зэрэг олдсон байна.
Эндээс судлаачид эртний хүмүүсийн хоол хүнсний бүтэц найрлага, түгээмэл өвчний талаар мэдээлэл олж авч чадна хэмээн найдаж байгаа ажээ. Соломон хааны байгуулсан Жүүдийн анхны сүмийг нийтийн тооллын өмнөх 586 онд Бабилоны хаан Небучаднеззар, нийтийн тооллын 70 онд Ромчууд эвдэн сүйтгэж байсан юм.
Хоёр дахь сүмийн чулуун хана өнөөдрийг хүртэл бүтэн үлдсэн нь одоо Израйльчуудын хамгийн ариун газарт тооцогддог Мөргөлийн Хана ажээ.
Эх сурвалж: DPA