Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн дагуу насаар ахмад гишүүн эхэлж тангараг өргөлөө.
Энэ дагуу УИХ-ын гишүүн Ц.Идэрбат “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж авлига ашиг сонирхлоос ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэхүү тангарагаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангараг өргөж, төрийн далбаанаас адис аван, парламентын гишүүний үнэмлэх, тэмдгээ гардан авлаа.
Түүний дараа УИХ-ын гишүүн Э.Батшугар тангараг өргөв.
Ийнхүү Ц.Идэрбат, Э.Батшугар нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр парламент бүрэн бүрэлдэхүүнээр хуралдаж эхэллээ.
УИХ-ын гишүүн Э.Батшугарыг Инновац, цахим бодлогын болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүнээр, Ц.Идэрбатыг Инновац, цахим бодлогын болон Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүнээр тус тус томилов.