Эрүүл мэндийн сайд С.Энхболд эм, эмнэлгийн хэрэгслийг гадаадаас шуурхай татан авч, нөөц бүрдүүлэх асуудлаар Эм зүйн байгууллагуудын нэгдсэн Эм холбоо, Эм хангамжийн байгууллагуудын холбоо, зарим үндэсний эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрүүдийн удирдлагуудыг өнөөдөр хүлээн авч уулзан, үүрэг чиглэл өгөв.
Уулзалтад Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан болон бусад холбогдох албаны хүмүүс оролцжээ.
БНХАУ-ын Эрээн боомт хаагдсан, Тяньжин болон бусад боомтод ачаа саатсаны улмаас эм, эмнэлгийн хэрэгсэл хомсдох эрсдэл үүсэв. Энэ уулзалтаар ойрын хугацаанд хомсдолд орж болзошгүй эмийн нөөцийн таталтыг Бээжин хот болон Инчеоны нисэх онгоцны буудлаас татан авч төвлөрүүлэх талаар хэлэлцлээ.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу ЭМЯ-наас дөрвөн удаагийн шууд нислэг зохион байгуулж, эм, эмнэлгийн хэрэгслийн татан авалтыг шуурхай зохион байгуулан ажиллахаар шийдвэрлэв. Түүнчлэн эм ханган нийлүүлэгчдэд үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх чиглэлийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд үүрэг болгов хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.