Гол нэрийн бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт дээр гарч байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө.
Тэрбээр “Тээвэрлэлтийн саатал, үнийн өсөлтийн эрсдэлийг бууруулах ажлын хэсгийн саналыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэр гаргууллаа.
Гол нэрийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн шок үүсээд байна. Тиймээс Гашуунсухайт, Ханги боомтоор хүнс болон гол нэрийн бараа бүтээгдэхүүнийг импортлох нөхцөлийг энэ долоо хоногт бүрдүүлэхээр боллоо. Энэ хүрээнд тус боомтод хүнсний лаборатори байгуулна. Хүнс, гол нэрийн бүтээгдэхүүн болон эм, эмнэлгийн хэрэгслийг авто тээврээр нэвтрүүлэх боломжийг энэ долоо хоногтоо багтаан бүрдүүлнэ” гэдгийг хэллээ.
Манай улс эм, эмнэлгийн хэрэгсэл, дотоодын үйлдвэрлэлийн түүхий эд, туслах материалыг БНХАУ, ОХУ, БНСУ, БНЭУ-аас импортолдог. БНХАУ-ын Эрээн боомт түр хугацаагаар хаагдсантай холбоотой 2021 оны аравдугаар сарын 28-ны өдрийн байдлаар Эрээн боомтод ханган нийлүүлэх 17 байгууллагын 37 ачаа, Тяньжин боомтод 14 байгууллагын 21 ачаа саатаад байгаа аж.
Мэдээлэл өгсний дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
– Махны үнэ буурахгүй байна гэж иргэд ярьж байна. Үнээ хадгалаад явах боломж юу байна вэ?
– Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүдий үнийг тогтвортой байлгах нөхцөл нь нөөцийг бүрдүүлэх явдал. Энэ ажлын хэсэг бол тээвэрлэлтээс үүсээд байгаа нийлүүлэлтийн шокийг арилгах, тээвэр зохицуулалтыг оновчтой хийх шийдэл гаргахыг зорьж ажиллаж байгаа. Махны үнийг аль болох боломжийн түвшинд барихыг чиглэл болгож байна. Тухайлбал, дээр ярьсанчлан мах худалдаалах цэгүүдийг нэмэгдүүлнэ.
– Дотооддоо тарьж ургуулсан ногооны үнэ өсөж байна. Зохицуулалт хийх ямар боломж байгаа вэ?
– Дотоодын хүнсний ногооны үнийн өсөлт мөн тээвэрлэлтийн шоктой холбоотой. Үнэ дээр нь засгийн газар шууд зохицуулалт хийх боломжгүй. Харин нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байгаа. Өнөөдрийн авсан мэдээллээр Эрээн хотод хүнсний зориулалтын 40 вагон наашаа ачаа ачихад бэлэн болсон.