Их Британийн Эмийн зохицуулах байгууллага ковидыг эмчлэх хамгийн анхны эмийг биеийн байдал хөнгөн, дунд өвчтөнүүдэд хэрэглэхийг зөвшөөрлөө.
Молнупивар гэж нэрлэсэн эмийг өдөрт хоёр удаа ууна. Ханиадны эмчилгээнд зориулан бүтээсэн шинэ эмийг 775 өвчтөнд турших явцад өвчтөн эмнэлэгт хэвтэх, нас барах эрсдэлийг хоёр дахин бууруулж байгааг тогтоожээ.
Их Британийн Эрүүл мэндийн сайд Сажид Жавид “Өнөөдөр бол түүхэн өдөр. Учир нь Их Британичууд гэртээ ковидын эсрэг эмийг ууж хэрэглэх зөвшөөрлийг олгосон анхны улс боллоо. Энэ эм дархлаа нь дарангуйлагдсан, бие султай өвчтөнүүдийн байдлыг эрс өөрчилнө” гэжээ.
Шинэ эмийг АНУ-ын Меrck, Sharp and Dohme (MSD) болон Ridgeback Biotherapeutics компаниуд хамтран бүтээжээ. Ковидын халдвар авсан иргэдэд судас тариа хийх эмчилгээг түлхүү ашиглаж байгаа юм.
Молнупивар эм ковидын вирусын ферментэд нөлөөлж, вирус өөрийгөө олшруулахад саад болно. Ингэснээр өвчтөний бие дэх вирусын түвшин бага байхад, өвчтөний биеийн байдал хүндрэхгүй байхад туслах юм. Мөн ковидын шинэ хувилбаруудыг эмчлэхэд ч үр дүн үзүүлнэ гэж эмийг бүтээгчид мэдэгджээ.
Шинэ эмийг илүүдэд жинтэй, өндөр настай, чихрийн шижин, зүрхний өвчтэй иргэд ковидоор өвдөхөд мөн ууж болно.
Их Британийн Засгийн газар энэ оны эцэс гэхэд 480 мянган ширхэг Молнупивар худалдан авах захиалга өгчээ. Гэхдээ гэрээний үнийн дүнг нууцалжээ. Харин АНУ 1.7 сая курс эмийг 1.2 тэрбум ам.доллараар худалдан авах юм байна. Австрали, Сингапур, БНСУ ч худалдан авах гэрээ хийжээ.
Туршилтаар энэ эмийг өвчтөн шинж тэмдэг илэрсэн даруйд уувал илүү үр дүнтэйг тогтоосон. Биеийн байдал хүндэрч, эмнэлэгт хэвтсэн өвчтөнүүдэд эмийн нөлөө ажиглагдаагүй байна. Туршилтад хамрагдсан буюу шинэ эмийг уусан өвчтөнүүдийн 7.3 хувь нь эмнэлэгт хэвтжээ. Энэ нь одоо хэрэглэж эмийн үзүүлэлт болох 14.1 хувиас доогуур юм.
АНУ-ын эмийн компани болох Пфайзер, Швейцарийн Роше компани мөн ковид 19-ийн эсрэг эм гарган авахаар туршилт явуулж байна.
Эх сурвалж: ВВС