Сүүлийн 24 цагийн дотор коронавирусийн халдварын 5,123 тохиолдол шинээр нэмэгдсэнийг Өмнөд Солонгосын засгийн газар Лхагва гарагт мэдээлжээ.
Энэ нь тус улсад цар тахал эхэлсэн цагаас хойш нэг өдрийн дотор хамгийн олон халдварын тохиолдол бүртгэгдсэн үзүүлэлт юм. Өвчлөл огцом нэмэгдэж байгаатай холбоотой Өмнөд Солонгосын засгийн газар “Вирустэй зэрэгцэж амьдрах” төлөвлөгөөний хэрэгжилтийг түр хойшлуулж буйгаа Даваа гарагт зарлаж байв.
Өчигдрийн байдлаар тус улсад Covid-19-ийн хүндэрсэн өвчтөний тоо 723 хүрсэн нь мөн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Сарын эхээр энэ тоо 400 хүрэхгүй хэмжээнд байсан юм.
Нийслэл Сөүл орчмын эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний орны ачаалал 89.2 хувьд хүрчээ.
Эмнэлгийн ачааллыг бууруулах зорилгоор энэ долоо хоногоос шинээр халдвар авсан хүмүүсийг гэрт нь эмчилж эхлэх ба зөвхөн хүндэрсэн тохиолдолд эмнэлэгт хүргэхээр болжээ.
Хүндэрсэн өвчтөнүүдийн 84 орчим хувь нь 60-аас дээш насныхан байгааг Өмнөд Солонгосын албаныхан мэдээлсэн байна. Вакцинаар үүссэн эсрэг биетийн хэмжээ хугацааны уртад буурснаас өвчлөл нэмэгдэж байгааг тогтоосон мэргэжилтнүүд нэмэлт тунд хамрагдахыг өндөр настнуудад зөвлөж байна.
Өчигдөр бас Өмнөд Солонгос улсад коронавирусийн Омикрон хувилбарын анхны таван тохиолдол илэрчээ. Тэдгээр нь Африк тивийн Нигери улсаас буцаж ирсэн иргэд юм байна.
Арваннэгдүгээр сарын 24-ний өдөр Нигериэс ирсэн хос, тэднийг нисэх буудлаас тоссон найзаас нь Омикрон хувилбарын халдвар илэрчээ. 23-ны өдөр мөн Нигериэс буцаж ирсэн хоёр эмэгтэйгээс вирусийн шинэ хувилбар илэрсэн байна.
Омикрон хувилбараар халдварласан эхний тохиолдлууд илэрсэнтэй холбоотойгоор Өмнөд Солонгосын засгийн газар ирэх хоёр долоо хоногийн хугацаанд гадаадаас ирсэн бүх зорчигчийг 10 хоног тусгаарлах шийдвэрийг өчигдөр гаргасан юм.
Ингэхдээ гадаад, дотоодын бүх зорчигчийг вакцинжуулалтад хамрагдсан эсэхээс нь үл хамааран тусгаарлахаар болжээ.
Тус улс Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс болон тухайн бүсийн бусад долоон орноос ирэх зорчигчдод агаарын хилээ хаагаад байгаа юм. Харин эдгээр орнуудын жагсаалтад Нигери улс багтаагүй байжээ. Гэхдээ Нигерийг хоригт нэмж оруулахгүйг албаныхан мэдээлсэн байна.
Эх сурвалж: AFP