70 дахь удаагийн “Дэлхийн Мисс-2021” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн уран нугараач, мисс А.Бөртэ-Үжин оролцож байгаа билээ.
Тэрбээр тэмцээний “Head-to-head challenge” шалгаруулалтад багаасаа ялагч болж, шилдэг 16-д шалгарчээ. Мисс бүсгүй өмнө нь тэмцээний “Авьяас” шалгаруулалтад шилдэг 27 миссийн нэгээр тодорсон юм.
Мисс А.Бөртэ-Үжин нь Соёл Урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн сургуулийг Бүжгийн багш, найруулагч мэргэжлээр 2021 онд төгссөн. Англи, Япон, Герман, Хятад хэлний мэдлэгтэй.
Уран нугараач А.Бөртэ-Үжин нь 2017 онд Өмнөд Солонгос улсад зохиогдсон “Miss Supertalent of the World” тэмцээнд оролцон нэгдүгээр байр, 2018 онд Мьянмар улсад зохион байгуулагдсан “Miss Grand International ” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож байсан юм.
Харин уран нугаралтаар Герман, Япон, Арабын Нэгдсэн Эмират улс Дубай, Франц, Сингапур, Солонгос, Хятад, Хонгконг, Турк, Швед зэрэг орнуудаар аялан тоглолт хийж, эх орноо сурталчилж байжээ.
“Дэлхийн Мисс-2021” тэмцээн АНУ-ын Пуэрто Рикогийн нийслэл Сан Хуаны цэнгэлдэх хүрээлэнд арванхоёрдугаар сарын 16-нд болно. Дэлхийн 130 орны миссүүд цугларч, өөр өөрсдийн ур чадвараа гайхуулан өрсөлдөж байна.