ДЭМБ-ын эрдэмтэд даваа гаригт “SARS-CoV-2” вирусийн Омикрон хувилбарын талаарх судалгааны ажлуудыг танилцууллаа.
Тус байгууллагын тэргүүн, доктор Тедрос Гебрейесусийн мэдээлснээр Омикрон хувилбар нь Дельта вариантаас илүү хурдан тархаж байгаа бөгөөд вакцин хийлгэсэн болон халдвар аваад эдгэрсэн хүмүүст халдварлаж байгаа нь тогтоогдсон байна.
Тухайлбал, Лондоны Эзэн хааны коллежийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар вакцин хийлгэсэн болон өмнө нь халдвар аваад эдгэрсэн хүмүүс Омикрон хувилбараар халдварлах магадлал Дельта варианттай харьцуулахад тав дахин өндөр байгаа аж. Мөн Омикрон нь өмнөх хувилбаруудаас илүү хөнгөн өвчлүүлдэг гэх нотолгоо ажиглагдаагүй байна.
Тэгвэл ДЭМБ-ын ахлах эрдэмтэн Сумия Сваминатан Омикрон хувилбар нь өмнөх вариантуудтай харьцуулахад арай хөнгөн өвчлөл үүсгэдэг байж болзошгүй гэх таамаглалаас шалтгаалан тийм ч аюултай биш гэж тодорхойлох нь ухаалаг бус алхам гэх байр суурийг илэрхийлсэн байна. Тэрээр халдварын тоо нэмэгдэж, тархалт өргөжихийн хэрээр эмнэлгүүд ачаалал нэмэгдэж эмч, эрүүл мэндийн ажилчдын нөөц шавхагдах эрсдэлтэйг анхааруулсан юм.
Мөн Омикрон хувилбар дархлааны хариу урвалаас зайлсхийх чадвартай. Тиймээс дэлхийн улс орнууд вакцины нэмэлт тун хийх үйл ажиллагааг дархлаа султай, эрсдэлт бүлгийн иргэдэд түлхүү чиглүүлэх нь зүйтэй гэжээ.
Түүнчлэн, ДЭМБ-ын тэргүүн, доктор Тедрос Гебрейесусийн хувьд ойрын хугацаанд Зул сар, шинэ жил, Цагаан сарын баярууд тохиож, хүмүүс баяр, ёслол тэмдэглэн олноор цуглаж байгаа нь халдварын тархалт нэмэгдэж, эмнэлгүүд ачаалалд автан, олон хүн нас барах гол шалтгаан болох эрсдэлтэй гэсэн юм. Тиймээс тэрээр улс орнуудад хандан баярын арга хэмжээг цуцалж, олноор цуглахгүй байхыг уриалаад, “Баяр ёслолыг цуцлах нь амь насаа дэнчин тавихаас дээр сонголт” гэсэн байна.
Гэхдээ ДЭМБ-ын эрдэмтэд 2022 онд дэлхий дахинд 5.6 сая хүний амь насыг авч одоод байгаа “COVID-19” цар тахал дуусах том итгэл найдвар байгааг онцолсон юм. Учир нь ирэх онд хоёр болон гуравдугаар үеийн дэвшилтэт вакцин болон вирусийн эсрэг эмчилгээний шинэ нээлтүүд эмнэлзүйд нэвтрэх хүлээлттэй байгаа аж.
ДЭМБ-ын мэргэжилтэн Майк Райан энэ талаар “Бид ковидоос урьдчилан сэргийлэх, эмчлэх хялбар технологиудыг гарган авч, харьцангуй хөнгөн өвчин болгон өөрчилж чадна гэж найдаж байна. Хэрэв бид вирусийн халдварын тархалтыг хамгийн бага түвшинд байлгаж чадвал цар тахлын төгсгөлийг авчирч чадна” гэсэн байна.
Эх сурвалж: Reuters