УОК-оос Засгийн газарт танилцуулсан мэдээлэлтэй холбогдуулан Ерөнхий сайд тодорхой үүрэг чиглэлүүдийг өгчээ.
Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Дэлхий даяар нийт 90 гаруй улсад КОВИД-19 халдварын омикрон хувилбар тархаад байна. Омикрон хувилбар тархахаас сэргийлэн улс орнууд янз бүрийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Манай улсын хувьд нэр бүхий 11 улсаас ирсэн иргэдийг тусгаарлаж байсан байгаа. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар гадаад улсаас ирж байгаа иргэдийг бүгдийг нь гурав хоног тусгаарлах ЭМЯ, ХӨСҮТ-өөс гаргасан санал, зөвлөмжийг дэмжлээ. Нарийвчилсан зохион байгуулалтыг УОК хийнэ.
Боомтууд дээр хийж байгаа хяналтын явцад халдварын эерэг тохиолдол нэмэгдэх хандлагатай байна.
Арваннэгдүгээр сарын 27-ноос хойш гадаадаас ирсэн иргэдээс нийт 180 эерэг тохиолдол гараад байгаа. Нэр бүхий 11 улсаас бусад орноос ирсэн иргэдийг гэрийн 10 хоногийн тусгаарлалтад байлгаж, дөрөв дэх хоног дээр нь шинжилгээ авч байгаа хэдий ч энэ шинжилгээнд хамрагдалт дөнгөж 30 хувьтай байна” гэлээ.
Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр өчигдөр “Гадаадаас ирсэн 4 дэх хоногтоо шинжилгээ өгөхгүй, хариуцлагагүй хандах иргэн цөөн хэд байна. Омикрон хувилбарын нууц үе нь 48 цаг болж богиноссон тул иргэдийг 72 цаг тусгаарлаж, 96 дахь цаг дээр нь PCR хариу сөрөг гарвал гэр рүү нь явуулах шаардлага үүсээд байна” хэмээж байв.