Хотын дарга Д.Сумьяабазарын хувь эзэмшдэг Үндэсний Хөрөнгө оруулалтын банк Эрүүл Мэндийн Даатгалын сангийн 14 тэрбум төгрөгийг байршуулж байгаад, зориулалтын бусаар зарцуулсан, төлөх хугацаа нь хэтэрсэн тухай яригдсаар байгаа билээ.
Тэгвэл хотын дарга Д.Сумьяабазар нэгэн хэвлэлийн хурлын үеэр “Эргэн төлөлтийн график л жаахан хоцорсон юм шиг байна, санаа зовох хэрэггүй, би хэлсэндээ хүрнэ, яагаад гэвэл би Д.Сумьяабазар” гэж тайлбарлаж байлаа.
Тэгвэл өчигдөр болон УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсох үеэр Үндэсний хөрөнгө оруулалтын банкны өр төлөлттэй холбоотой асуудлыг ярилаа.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын “Монголбанк Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд 14 тэрбум төгрөг зээлдүүлээд Эрүүл мэндийн даатгалын сангийн өрийг хаалгасан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү? Хэрэв тийм бол Монголбанк яахаараа төлбөрийн чадвар асуудалтай банкинд зээл олгодог юм бэ? Төрөөс зээл аваад төрийн мөнгийг төлсөн болжээ. Ингэж хойд хормойгоороо урд хормойгоо нөхөхийн үлгэрээр нүд хуурах хэрэг байна уу? ” гэсэн асуултанд Монгол Банкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн: “Эрүүл мэндийн даатгалын сангийн өрийг төлсөн 14 тэрбум төгрөгийг Монгол банк оны өмнө зээлдүүлсэн нь үнэн. “Ковид-19″-ын үед төлбөрийн чадвар алдагдсан банкинд зээл олгоно гэсэн түр журам батлагдсан. Үүний хүрээнд 14 тэрбум төгрөгийг шийдэж өгсөн. Мөн Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 76 тэрбум төгрөгийн өр хэвээрээ байгаа” гэж хариулсан юм.
Тэгэхээр хотын даргын банк улсад төлөх ёстой өрөө улсаас зээлчихсэн болж таарж байна. Ийм зүйл байж болох уу?