Увс аймгийн Засаг дарга коронавируст халдвар “КОВИД-19”-ын цар тахлын дөрөвдүгээр давлагаа эхэлж, Омикрон хувилбар дотоодод бүртгэгдэж, халдварын тохиолдлын тоо хурдацтай нэмэгдэж байгаатай холбогдуулан цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор 2022 оны нэгдүгээр сарын 14-ны өдрөөс эхлэн хоёрдугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд хязгаарлалтын болон зохион байгуулалтын зарим арга хэмжээг авахаар болжээ.
Тодруулбал, Нэгдүгээрт хүнс, барааны зах, дэлгүүр, барилгын материалын дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарийг өдөр бүр 10:00 цагаас 18:00 цаг хүртэл, супермаркет, хүнсний бөөний төв, дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарийг өдөр бүр 08:00 цагаас орой 22:00 цаг хүртэл ажиллах цагийн хязгаарлалт хийх.
Хоёрдугаарт, Уламжлалт сар шинийн баярыг гэр бүлийн хэмжээнд тэмдэглэх, бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн албан газар, аж ахуйн нэгж байгууллага, нутгийн зөвлөл, хамт олны золголтыг зохион байгуулахгүй байхыг сум, албан газар, аж ахуйн нэгж байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт тус тус үүрэг болгожээ.
Түүнчлэн төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, албан хаагчдад ажлын байранд халдвар хамгааллын дэглэм сахиулж ажиллах, зайлшгүй шаардлагатай тохиолдолд ажилтан, алба хаагчдыг гэрээсээ цахимаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллахыг сум, албан газар, аж ахуйн нэгж байгууллагын дарга, захирал нарт үүрэг болгосон байна.