Хилийн боомтуудын талаар Авто тээврийн үндэсний төвөөс дараах мэдээллийг өглөө.
Тус төвийн Ачаа тээврийн хэлтсийн дарга О.Энхбат “Манай улс БНХАУ-тай авто замын найман боомтоор экспорт, импортын үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс Замын-Үүд боомтоор импортын бараа бүтээгдэхүүнийг 60 хүртэлх тн-ын чингэлгээр авч байна.
Дараагийн үйл ажиллагаа явуулж байгаа боомт нь Ханги-Мандал. Энэ боомт нь оны төгсгөлд зөвхөн экспортын чиглэлээр ажиллаж байсан. Төмрийн хүдэр, нүүрсний тээвэрлэлтийг задгай тэвштэй тээврийн хэрэгслээр авч байсан бол энэ оны нэгдүгээр сарын 3-наас зөвхөн чингэлгийн тээврээр импортын бараагаа хүлээн авна гэж хятадын тал мэдэгдсэн. Ингээд нэгдүгээр сарын 7-ноос чингэлэгт тээвэрт шилжүүлсэн.
Одоогийн байдлаар өдөрт дунджаар 50 орчим тээврийн хэрэгслээр нүүрс, төмрийн хүдэр экспортолж байгаа.
Мөн Гашуунсухайт боомтоор нүүрс гарч байгаа. Тээвэрлэлт тодорхой хэмжээнд доголдсон. Өнөөдрийн байдлаар өдөрт 100 орчим тээврийн хэрэгслээр нүүрс экспортолж байна. Энд мөн зөвхөн чингэлгээр тээвэрлэлт гүйцэтгэж байгаа. Түүнчлэн энэ боомтоор 32 орчим тн зэсийн баяжмал гаргадаг.
Мөн 10 орчим тээврийн хэрэгслээр бараа бүтээгдэхүүний татан авалт хийдэг.
Дараагийн ажиллаж байгаа боомт нь Ховд аймгийн Булган боомт. Энэ боомт өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23-наас зогсож байгаад энэ оны нэгдүгээр сарын 17-ноос тээвэрлэлт эхлүүлсэн.
Энэхүү боомтоор хятадын цагаан сарын дараа иргэдийн ачаа барааг татах авах боломжтой болно” гэв.