Казахстанд тайван жагсаалаар эхэлсэн эсэргүүцлийн хөдөлгөөний улмаас 225 хүн амиа алдсан. Цагдаа нар жагсаалд оролцсон иргэдийг эрэн хайх ажлаа үргэлжлүүлсээр байна. Цагдаа нарыг баривчилсан иргэдийг тамласан, зүй бусаар харьцсанд буруутгаж байна. Харин эрх баригчид иргэдэд тайван байхыг уриалсаар байгаа юм.
57 настай Асел бэртсэн тул эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ. Цагдаа нар түүнийг авч явахыг хүссэн ч Асел алхаж чадаагүй тул түүнийг үлдээжээ. Нэг цагдаа түүнд “Дахин эсэргүүцлийн жагсаалд оролцвол ална шүү” хэмээн сүрдүүлсэн талаар сэтгүүлчид ярьсан байна.
1991 онд ЗХУ задарч, Казахстан тусгаар тогтнолоо зарласан юм. Үүнээс хойших хамгийн их цус асгаруулсан үйл явдал энэ сарын эхээр болов. Дэлхийд эрдэс баялгаараа дээгүүрт орох тус улсын иргэд байгалийн хийн үнийн өсөлтийг эсэргүүцэн жагссан юм.
Жагсаалын дараа цагдаа нар 10 мянга орчим иргэнийг баривчилжээ. Тус улсын прокурорууд 700 хүнийг алан хядах үйл ажиллагаа, хүн амины хэрэг, төрийн эргэлт гэсэн хэрэгт буруутган ял оноожээ. Иймд хүний эрхийн байгууллагууд эрх баригчдыг жагсаалд оролцсон хүн бүрд дарамт шахалт үзүүлж байна хэмээн буруутгаж байна. Учир нь фэйсбүүкээр үзэл бодлоо илэрхийлж, жагсаалыг дэмжсэн иргэдийг ч баривчилжээ.
Алматы хотын хүний эрхийг дэмжигч Бахытзан Торегозина “Хүчний байгууллагууд иргэдийг хэргээ хүлээ хэмээн дарамталж байна.” гэсэн бол нэг өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ хөлийн хөхөрсөн зургийг харуулж, цагдаа нар байцаах явцдаа үйлчлүүлэгчийг нь зодсон гэжээ.
Харин Алматы хотын цагдаа Салтанат Азирбек “Баривчилсан иргэдийг зодоогүй, тамлаагүй. Бүх зүйл тодорхой болсны дараа тэднийг суллана. Жагсаалын үеэр цагдаа нар руу дайрсан этгээдүүд мэргэжлийн хүмүүс байсан” гэжээ.
Энэ сарын 4-нд тайван байдалтай эхэлсэн жагсаал 5, 6-ны өдөр үргэлжилж, цагдаа нар иргэдийг тараах зорилгоор нулимс асгаруулагч хий хэрэглэсний дараа эмх замбараагүй байдал үүсжээ. Нүүрээ халхалсан хэсэг этгээдүүд хотын захиргааны байр руу дайрч, зам дагуух машинуудыг дэлбэлсэн. Тэдний нэрийг одоог хүртэл тогтоогоогүй байна.
Эх сурвалж: BBC