Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн энэ үед зээлийн хүүг бууруулах шаардлагыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, УИХ, Засгийн газарт хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ. Шаардлагын хариуг гуравдугаар сарын 1-ний дотор ирүүлэхийг шаардав.
Энэ талаар МҮЭХ-ны Дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Хэрэглээний зээлийн хүү дунджаар 19 хувь, бизнесийн зээлийн дундаж хүү 20 хувь, ББСБ-ын жилийн хүү 36 хувь байна. Иргэд ийм өндөр хүүтэй зээл авчихаад буцаан төлөлтөө 90 хувьтай хийж байна. Гэтэл улстөрчид, эрх мэдэлтэй хүмүүс Хөгжлийн банкнаас гурван хувийн хүүтэй зээл авчихаад 40 хувийг нь л эргүүлсэн төлсөн байна.
Тиймээс энэ асуудалд МҮЭХ ард түмнийг төлөөлж, цалингийн зээлийг жилийн хүүг нэг оронтой тоонд оруулах, хэрэглээний зээлийг сарын нэг хувиас дээшгүй болгох, бизнесийн зээлийг сарын 1.5-аас дээшгүй болгох шаардлагыг хүргүүлж байна. Зээлийн хүүг бууруулснаар иргэдийн амьдралд дэм болж, орлогод нэмэр болно. Зээлийн эргэн төлөлт сайн байгаа тохиолдолд зээлийн хүүг бууруулах боломжтой.