Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат, Б.Батбаяр нарыг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 11.00 цагт эхэлсэн.
Б.Батбаярыг дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй, гэрчид нөлөөлж, гэрчээр зориуд худал мэдүүлэг өгүүлж болзошгүй хэмээн үзэж, нэг сар хорих шийдвэрийг шүүхээс гаргав. Түүнийг чухам аль гэрчид нөлөөлж болзошгүй гэж үзсэн бэ гэсэн өмгөөлөгчийн асуултад хүсэлт гаргагч хариулаагүй байна. Мөн шүүхээс Н.Мөнхбатыг нэг сарын хугацаатай цагдан хорих шүүхийн шийдвэр гаргалаа.
Б.Батбаярын өмгөөлөгч н.Одонтунгалаг “Миний өмгөөлөгчийг цагдан хорих баримт хэмээн 15 хавтас материал авчирчээ. Шүүх 5 минут завсарлан, материалтай танилцаад шийдвэрээ гаргалаа. 5 минутад тэдгээрийг сөхөх ч боломж гарахгүй. Шүүх энэ хэргийг шударга ёсны үндсэн дээр, мэтгэлцээний хүрээнд хэргийг шийднэ гэж бодсон. Гэвч хэргийг сөхөж үзсэнгүй.
Дан ганц “шалдан” саналд тулгуурлалаа. Шүүх хүний эрх ашгийг хамгаалж байна уу? Шүүн таслах ажиллагаа тодорхой улс төрчийн хараан дор болов уу гэсэн хардлага төрж байна. Миний үйлчлүүлэгч ямар ч гэрчид нөлөөлсөн гэх баримт байхгүй. Төрийн байгууллага хүн гүтгэж болохгүй. Нотлох баримтад үндэслэн хорих ёстой. Шүүх баримт бий биз дээ, прокуророо та уншсан биз дээ” гээд л шийдвэрээ гаргачихлаа. Талууд мэтгэлцэхгүй бол шүүх хурал хийх хэрэг байна уу. Миний тайлбарыг шүүх хүлээн авсангүй. Шударга үнэнийг тогтооно гэж шүүгчид тангараг өргөдөг. Үнэхээр гомдолтой байна” гэв.