Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдол, хүсэлтийг Үндсэн хуулийн эрх зүйн хорооноос /ҮХЭЗХ/ судалсан байна. Судалгааны мэдээллийг танилцуулбал, ҮХЦ хянан шийдвэрлэсэн 296 маргааны 141 нь Үндсэн хуулийн гуравдугаар бүлэгтэй холбогдож, иргэдээс ирүүлсэн өргөдөл, мэдээлэл, мөн эрх бүхий байгууллагын хүсэлт байжээ. Энэ талаар Үндсэн хуулийн эрх зүйн хорооны гишүүн Л.Галбаатараас тодруулахад “Монгол Улсын Үндсэн хууль батлагдаад 30 жил болж байна. Тиймээс 30 жилийн нөхцөл байдлыг дүгнэж судалгаа хийсэн гэсэн үг.
Судалгаанаас харахад, ҮХЦ-д иргэд 98 хувьтай хандсан байгаа юм. Энэ нь ҮХЦ-д өргөдөл, мэдээлэл гаргах иргэдийн ухамсар өндөр байгааг илтгэж байна.
ҮХЦ-д иргэд болон эрх бүхий байгууллагын албан тушаалтан хандаж болно хэмээн заасан байдаг” хэмээн ярилаа.
Тэрбээр судалгааны үр дүнгийн талаар хэлэхдээ “ҮХЦ-ээс хянаж байгаа 10 хуулийн найм нь Үндсэн хуулийг зөрчсөн гэх дүгнэлт гарсан. Үүний цаана хуулийг чанартай боловсруулж, батлах асуудал хангалтгүй байна гэсэн дүр зураг байгаа юм.
Түүнчлэн ҮХЦ нь өөрөө хэр үндэслэлтэй шийдвэр гаргаж байна вэ гэх асуудал бий. Ерөнхийдөө ҮХЦ нь тус хуулийн холбогч зүйл заалтыг үндэслэл болгож шийдвэр гаргадаг. Гэхдээ тухайн үндэслэл болгож буй зүйл заалтаа огт тайлбарлахгүй дурдаж хэрэглэдэг юм билээ.
Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавих ёстой байгууллага нь ҮХЦ мөн. Гэсэн хэдий ч тус хуулийн зүйл заалтыг огт тайлбарладаггүй нь буруу хэмээн харж байгаа юм” гэв.
Төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагууд Үндсэн хууль зөрчсөн эсэх шийдвэрийн тоон тоймыг тодруулбал,
- Үндсэн хуульд нийцээгүй хууль 225, зарлиг хоёр, УИХ-ын тогтоол 18, Засгийн газрын тогтоол 13, Сонгуулийн ерөнхий хорооны гурван тогтоол,
- Үндсэн хуульд нийцсэн хууль 62, УИХ-ын тогтоол хоёр, Засгийн газрын тогтоол хоёр, Сонгуулийн ерөнхий хорооны нэг тогтоол,
- Үндсэн хууль зөрчсөн УИХ-ын дарга хоёр, УИХ-ын гишүүн хоёр, Ерөнхий сайд дөрөв, Ерөнхий прокурор нэг байна.
ҮХЦ-ийн нийт 296 шийдвэрийн дүгнэлт, тогтоолыг тодруулбал,
- Үндсэн хуульд нийцсэн эсэх хууль 287, зарлиг хоёр, УИХ-ын тогтоол 20, Засгийн газрын тогтоол 15, СЕХ-ны тогтоол дөрөв
- Үндсэн хууль зөрчсөн эсэх УИХ-ын дарга гурав, УИХ-ын гишүүн гурав, Ерөнхий сайд дөрөв, Ерөнхий шүүгч нэг, Ерөнхий прокурор нэг
- Огцруулах, эгүүлэн татах үндэслэл бий эсэх УИХ-ын дарга нэг байна.
Эх сурвалж: Монголын хуульчдын холбоо ҮХЭЗХ