Лхагва гарагт болсон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрүүд /Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл/-ийг хэлэлцсэн. Энэ үеэр төслийн хөрөнгийг юунд зарцуулах талаар гишүүд тодруулж асуусан. Мөн олон нийтийн дунд хашаа хороо барих нэрийдлээр мөнгө угаах гэж байна гэх шүүмжлэл өрнөөд буй билээ.
Арай ч малчин айлын малын хашаа хороог засахад Азийн хөгжлийн банкнаас зээл авна гэж бодохгүй байна. Үнэхээр ийм зориулалтын зээл авах гэж байгаа бол өөрчлөх хэрэгтэй. Өөрчлөх эрх нь төсвийн зохицуулах нэгжид бий. Нэн хөнгөлөлттэй, 20-30 жилийн хугацаатай зээлийг мал аж ахуйг хөгжүүлэх, бэлчээр хамгаалах, бэлчээрийн ургамал тариалахыг уламжлал, шинэчлэлд тулгуурлан хөгжүүлэхэд зарцуулах юмуу, өөр зүйлд зарцуулах уу. Ямар хувь нэмэртэй зээл байх тухай ойлголт, мэдээллийг нийгэмд өгөх хэрэгтэй” хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд сануулав.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханы өгсөн мэдээллээр, 30 сая ам.долларын төсөл хөтөлбөр хэрэгжих бөгөөд төслийн хүрээнд мал эмнэлгийн 54 аж ахуйн нэгжийг чадавхжуулж, 14 мянган малчдыг хоршоолж, малын гаралтай бүтээгдэхүүний эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэн, бэлчээрийн даацыг сайжруулахаар төлөвлөжээ. Төслийг Архангай, Булган, Өвөрхангай, Баянхонгор аймгийн хил залгаа 20 орчим суманд хэрэгжүүлэх юм байна.