Аж үйлдвэржилтийн хөгжлийг шинэ түвшинд гаргахаар зорьж буй энэ цаг үед технологийн дэвшил, монгол инженерүүдийн ур чадварыг харуулсан үйлдвэр ашиглалтад орж байна. Дотоодын металл боловсруулалтын түвшинг нэг шат ахиулж, нэмүү өртөг шингэсэн экспортын шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэн, улсынхаа үйлдвэржилтийн бодлогыг хөгжүүлэхэд шинэ шан татлаа.
Их Британи, Герман улсын дэвшилт технологид суурилсан, катодын болон хаягдал зэсийг дахин боловсруулж нунтаг металл гарган авах үйлдвэрийг “Талын Метал нунтаг” компани байгуулж, өнөөдөр ашиглалтад орууллаа. Нунтаг металлыг дэлхийд Герман, БНХАУ, Япон, Их Британи зэрэг 20 гаруй оронд л үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг аж. Тэгвэл манай улс анх удаагаа дэлхийн жишигт нийцсэн дэвшилт технологи бүхий төмөрлөгийн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болж байна.
Монгол инженерүүд Их Британи, Герман улсын мэргэжилтнүүдтэй хамтран хоёр жилийн хугацаанд үйлдвэрээ барьж, өнгөрсөн нэгдүгээр сараас туршилт хийж эхэлжээ. Тус үйлдвэрийг ашиглалтад оруулснаар нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж нээгдэж байгаа бөгөөд нунтаг металл нь автомашины жижиг эд ангиуд болох очлуур, араа, цахилгаан сойз, холхивч, вакум унтраалга, мөн 3D хэвлэл, гоёл чимэглэл, үнэт эдлэл компьютер, гар утас зэрэг дэвшилт технологи бүхий эд ангиудад чухал үүрэг гүйцэтгэдэг.
Жилд 3000 тонн нунтаг металл үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэр нь түүхий эд бүтээгдэхүүнээ 99 хувь ашиглаж, хэрэглэсэн усаа 90 хувь хүртэл дахин боловсруулах технологитой байгаль орчинд ээлтэй гэдгээрээ онцлогтой. Манай улсад сард 200 тонн зэсийн хаягдал гардаг учраас түүхий эд бүтээгдэхүүн хангалттай гэдгийг мэргэжилтнүүд хэлсэн.
Тус үйлдвэр нь зөвхөн зэсийн нунтаг бус цаашид ган, мөнгө, төмөр, никель, хром зэрэг бүх төрлийн металлын нунтаг гаргах боломжтойг нээлтийнхээ үеэр хэлж байлаа. Одоогоор бүтээгдэхүүнээ экспортод гаргахаар БНХАУ-тай хэлэлцээр хийж буй бөгөөд Япон, Их британи, БНСУ- д нийлүүлэхээр бүтээгдэхүүнийхээ дээжийг танилцуулаад буй аж.